Харангын Лхагваагийн “Монгол ээж”
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь цомог “Монгол ээж” цомгийн нээлтийн болон ирэх гуравдугаар сарын 5, 6-ны өдөр ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулан тоглох “Монгол ээж” уран бүтээлийн бие даасан тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо.
5
Хэвлэлийн хуралд дуучин Х.Лхагвасүрэнгээс гадна “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон, “Монгол ээж” тоглолтын найруулагч Х.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Х.Лхагвадорж нарын хүн хүрэлцэн ирж оролцлоо. Тэрбээр өмнө нь “Харангын Лхагваа”, “Замбуу тив”, “Нарыг хайрла”, “Тэнгэрлэг андууд” гэх дөрвөн цомгийг гаргасан байдаг. Түүний “Монгол ээж” шинэ цомог “Азийн цагаан дагина” хэмээх эхийн тухай шинэ дуу орсон бол Монгол ардын дуу “Эхийн ач” дууны үгийн хамгийн зөв хувилбарыг олж, цоглог рок хэв маягаар дуулжээ. Мөн АУЗ Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт Н.Жанцанноров нарын хамтран бүтээсэн “Сүүгээр бүтсэн бурхан” зэрэг эхийн тухай 10 дуунаас бүтжээ.
6
Удахгүй Үндэсний циркт болох түүний тоглолтод шинэ цомогт орсон дуунууд нь болон ард түмний сайн мэдэх, хит болсон уран бүтээлээ хүргэж хамтран дуулах юм байна. Мөн дуучин Х.Лхагвасүрэн Үндэсний циркийн уран нугаралтын хамтлагтай хамтран өвөрмөц үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж буй аж. Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, Х.Оюунбилэг нарын уран бүтээлч хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбарын үнэ 40 мянган төгрөг ба 1199 дугаар руу холбогдож үнэгүй хүргэлтийн үйлчилгээг авч болно.
5
Энэ онд “Харанга” хамтлаг байгуулагдсны 24 жилийн ой тохионо. Тус хамтлагийн гишүүд тус бүрдээ бие даасан тоглолт хийж байгаа аж. Тухайлбал, өнгөрөгч онд тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн тоглолт болсон бол Ц.Чулуунбатын “Содон аялгуу” тоглолтоо хийсэн. Дуучин Х.Лхагваа хэдхэн хоногийн дараа “Монгол ээж” тоглолтоо зохион байгуулах гэж байгуулна. Түүнчлэн ирэх тавдугаар сард бөмбөрчин Н.Пүрэвдаш, зургаадугаар сард хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нар уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Мөн хамтлагийнхаа ойд зориулан тоглох тухайгаа хэлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ