“Шинэ сум”-ын төв ирэх сард нээлтээ хийнэ
Жилээс жилд хөдөө нутагт ажлын байр алга, амьдралын нөхцөл тааруу байна хэмээн сумын иргэд аймгийн төв рүү, аймгийн төвийн иргэд хот руу шилжиж, сум орон нутаг эзгүйрч байна гэж яригдах болсон. Үр хүүхдээ дулаахан, тохилог цэцэрлэг, сургуульд сургаж, эцэг эхчүүд нь хүссэн ажлаа хийж, бизнес эрхлэх боломжтой зэрэг олон шалтгаанаар хот суурин бараадах иргэдийн их нүүдэл үргэлжилж байгаа биз ээ.
:
Улсын хөгжил сумаас эхлэлтэй хэмээн олон жил төр засгийн хэмжээнд ярьж ирсэн ч дорвитой ажил хийгдэхгүй явсаар өнгөрсөн 2013 оны тавдугаар сараас Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Шинэ сум” төслийн ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, БХБЯ-ны дэд сайд Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй албаныхан Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжиж буй “Шинэ сум” төслийн ажилтай танилцлаа.
:
Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд дээрх сумдад 20 ортой хоёр давхар амбулатори бүхий эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, сумын захиргаа, 250 хүний суудалтай спорт заал гэсэн таван барилгыг 13 мянга гаруй мКв талбайд бүтээн байгуулж байгаа аж. Мөн 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдсэн байна. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид “Шинэ сум”-ыг тойрсон таун хаус, орон сууцны барилгууд нэмэгдэн өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай аж.
:
Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Америк, Канадад баригдаж байгаа нийт барилгын 80-90 хувь нь уг технологоор барьдаг болсон гэдгийг шинэ сумын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цэдэнсодов онцолж байсан. Тэрбээр “Канад технологийн модон барилгад 100 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай байна. Хэдийгээр Канад барилгын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй өрнөдөг ч өвөл багаж тоног төхөөрөмж, хөлдөнж, царцаж, эвдэрч байна. Баянлиг, Бууцагаан хоёр сумдад хэрэгжиж буй төслийг анх 29 тэрбумаар оруулсан ч Засгийн газар 20,9 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл Замын-Үүдийн төслийг 15 тэрбумаар батлагдсан. Гэтэл Замын-Үүд тээвэрлэлтийн зардал нь бараг гарахгүй мөртлөө ажил гүйцэтгэл 45 хувьтай гэж байна. Харин бид гуравдугаар сарын 30 гэхэд төслийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч барилгын материал, тоног төхөөрөмжөө 700 гаруй км-ийн алсаас тээвэрлэн авчирч байна. Тиймээс бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах хугацаа нааш цааш болсон асуудал бий” гэв.
:
“Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Спорт цогцолборын угсралтын ажил яг одоо үргэлжилж байна. Бусад барилгуудад зөвхөн дотор заслын ажил үлдсэн. Анх “Шинэ сум” төслийг эхлүүлэх гэж байхад нутгийн иргэд итгэхгүй. Биднийг тоохгүй байсан. Харин одоо бүтээн байгуулалтын ажил өрнөж, төслийн ажил амжилттай хэрэгжиж байгааг харсан нутгийн иргэд, хүүхэд багачууд хэзээ дуусах вэ гэж асуух нь ихэссэн” гэж байв.
.
Сумын залуус хотод их, дээд сургуульд суралцаж төгсөөд нутагтаа очиж, ажиллах гэхээр ажлын байр хомс, хөгжил хөдөлгөөн бага гээд буцах дүргүй байх нь элбэг. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр энэ бэрхшээл үгүй болох цаг айсуй. Ямар ч байсан эхний ээлжинд Баянлиг, Бууцагаан сумын залуус сургуулиа төгсөөд нутагтаа очоод ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж байна. “Шинэ сум”-ийн төвийн эргэн тойронд орон сууц, таун хаусууд баригдаж эхэлснээр сумын иргэд халуун, хүйтэн устай тохилог орон сууцанд амьдрах болох боломж бүрдэх юм. Түүнчлэнэ 20 ортой эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношлогоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг ч нутгийн иргэддээ үзүүлэх юм байна. Ингэснээр нутаг орноо орхин аймгийн төв, нийслэл хотын зорих иргэдийн нүүдэлч ч багасана гэдгийг сумын удирдлагууд хэлж байсан юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ