Хүний эрхийн комиссартай уулзжээ

img

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж  НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллай-тай уулзжээ. Байнгын төлөөлөгч В.Пүрэвдорж Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмын нэг бол ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох явдал мөн болохыг нотолсон байна. Мөн  2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүний эрхийг сахин хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулахаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаагаа мэдэгджээ. Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн Дээд комиссарын алба болон Уугуул иргэдийн сайн дурын санд хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжилсан байна.  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2010 онд Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлтэй холбогдуулан гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажиллаж байгаа юм.  Түүнчлэн НҮБ-ын тусгай мандат эзэмшигчдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж, Хүний эрх ба бизнесийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ