Гуйж авсан гуншин
Монголын “Шилдэг залуу 50 улстөрч”-ийг шалгаруулжээ. Гурав дахь жилдээ амжилттай хэрэгжсэн төсөл гэнэ. Хамгийн олон хүний санал авсан таван улстөрчийг Шилдгийн шилдэг хэмээн тодотгож, дараа нь жагссан 50 хүнийг шилдэгт өргөмжилжээ. ШӨХТГ-ын дарга О.Магнай манлайлж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат удаалан, УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурвалснаар Шилдгийн шилдэг улстөрчид тодорсон байна. Харин шилдгүүдийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар удаалснаар араасаа 47 хүнийг дагуулжээ. Үлдсэнийг нь гомдоохгүйн тулд Next Top 10 улстөрч хэмээн тодорхойлж.
1
Олон нийтийн санал асуулга учраас үнэн бодитой, нүдээ олсон шалгаруулалт гэж нэг хэсэг нь бодож болох. Харин нөгөө хэсэг нь миний нэгэн адил шилдгийн шилдэг, шилдэг, Next Top гуншинг гуйж авсан гэдэгт эргэлзэхгүй суугаа. Шалгаруулалт явагдсан хэдэн хоногт гуйлга тасраагүйг цахим ертөнцийн хэрэглэгчид санаж байгаа. Миний найзыг, танилыг, ахыг дэмжээд өгөөч гэж фэйсвүүк, мессенжерээр линк шидэж, зарим нь бүр гар утас руу мессеж илгээж ч үзэв. Огт танихгүй, сураггүй нөхөд ч шилдгийн төлөө өрсөлдөж, санал авахын тулд гуйлга хийж, хийлгэж байгаа нь инээдтэй ч юм шиг. Түвэгшээж байлаа ч танилын нүүр халуун нөгөө талаар ганц товч дарахад надаас хорогдох зүйлгүй учраас гуйлтыг биелүүлнэ. Шилдэг гэж боддоггүй байсан ч танилын, найзын гуйлт учраас татгалзах аргагүй. Энэ мэтээр танилын сүлжээгээр дамжсан гуйлт цааш үргэлжилж, ажлын газар, гэр бүл, найз нөхөд, найзын найз гэсээр чамгүй санал хуримтлагдах нь мэдээж. Гэхдээ бүх саналыг гуйж авсан гэж хэлээгүйг анзаарч буй байх. Ямартай ч нэр дэвшигч өөрөө хүссэн, хүсээгүйгээс үл хамаарсан гуйлт шилдэг гэсэн гуншин авахад багагүй хэмжээгээр нөлөөлдөг гэдэгт эргэлзэмгүй.
1
Цахим ертөнцөд тэр дундаа фэйсвүүкт лайк дараад, шейрлээд өгөөч гэсэн гуйлт тасардаггүй. Уралдаан, сонгон шалгаруулалт гэсэн нэртэй ч дам дамаа дамжсан гуйлт учраас үнэн бодитой хариу гарна гэдэгт итгэхэд хэцүү. Товчхондоо шударга шалгуурын шүүлтээр жинхэнэ шилдгүүд тодорсон эсэх нь эргэлзээтэй. Харин хамгийн олон найз, танилтай нь аливаа уралдаан шалгаруулалтад түрүүлэх магадлал өндөр. Харин ингэж авсан гуншин ямар үнэ цэнэтэйг бид мэдэхгүй. Бас хэрхэн, ямар замаар гуншинтай болсон нь чухал бус. Зөвхөн авах нь л нэн тэргүүний асуудал бололтой.
1
1
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ