
Найруулагч Тим Бартоныг кино сонирхогчид, дэлгэцийн урлагийн фэнүүд андахгүй. Холливудын өвөрмөц агаар болсон энэхүү сод найруулагчийн амьдрал, уран бүтээлийн талаар дор сийрүүлье.
Холливудад төдийгүй дэлхийд данстай найруулагчдын нэг тэрбээр кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдэх бүтээлүүдээрээ олноо танигдсан нэгэн.
Тим Бартоны кинонууд ер бусын зохиолтой, санаанд ч оромгүй өнгө будгийн сонирхолтой шийдлүүд, өвөрмөц уур амьсгал, үзэгчдийг алмайруулсан зураглалуудаар дүүрэн байдаг.

Бүтээлүүд шигээ өвөрмөц төрхтэй Тим Бартон 1958 оны наймдугаар сарын 15-нд АНУ-ын Калифорни мужийн Бурбанк хотноо бэйсболын багийн тамирчин Уилл Бартоны гэрт мэндэлжээ.
Тим багадаа нам гүм, хааяахан л нэг дуугардаг, маш ихийг тунгаан бодож бясалгадаг үеийнхнээсээ содон хүү байсан гэдэг.

Амралтын өдрүүдээр кино театруудаас салдаггүй унжгар, сулхан биетэй хүүгээ эцэг эх нь чанга биетэй болгохын тулд тамирчин болгоно хэмээн спортод дуртай болгохыг хичээдэг байжээ. Гэвч хүү сэтгэл зүрхээ урлагт нэгэнт булаалгасан байлаа.
Түүнд бэйсбол, хоккей, хөлбөмбөг, хүүхэд болгоны шимтэн үздэг тэмцээн уралдаанууд огтхон ч сонин биш байлаа.
Дээхэн үеийн америкийн кино од Винсент Прайсыг шүтээнээ болгосон Тим аварга динозавр хотод дайран орж ирдэг “Годзилла”-гийн анхны хувилбарыг үзэх тун дуртай байсан гэдэг.

Дунд сургуулиа төгсөөд Тим Калифорнийн Урлагийн институтад хүүхэлдэйн киноны зураглаачийн мэргэжлийг эзэмшихээр суралцсан.
Энд тэрбээр өдгөөгийн анимэйшн урлагийн мангас гэгдэх “Pixar animation”-ы уран бүтээлч Жон Лассетертэй таницлаж дотно нөхөрлөсөн нь түүнд өөрийн сод бүтээлүүдээ өвөрмөц, этгээд содон талаас нь харж бүтээдэг болоход нь тун ч их нөлөөлсөн хэмээн хожим Тим ярьж байлаа.
Тэрбээр амжилттай суралцаж сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэгээр тодорч Уолт Диснейн тэтгэлэг хүртэв.
Улмаар сургуулиа төгсөөд дэлгэцийн бүтээлийн асар том үйлдвэрлэгч “Уолт Дисней”-н анимэйшн студид орж ажиллалаа. Түүний мөрөөдөл биелэж эхлэв.
Кино найруулахыг эртнээс мөрөөдсөн тэрбээр 1982 онд анхны уран бүтээл “Винсент” хэмээх таван минутын богино хэмжээний хүүхэлдэйн киног найруулж, бүх ажилд нь гар бие оролцон бүтээлээ.
Энэхүү хүүхэлдэйн кино нь хар цагаан өнгөтэй бөгөөд өөрийнхөө стилийг гол дүрийн баатрын төрх байдалд шингээсэн хэмээдэг.
Улмаар 1985 онд анхны бүрэн хэмжээний киногоо бүтээсэн нь “Пи Вигийн гайралтай адал явдал”. Энэ бол инээдмийн кино байлаа.

1989 онд Тим Бартон “Бэтмен”-ийн анхны ангийг найруулж, дэлгэцнээ шилжүүлсэн нь 250 сая долларын ашиг орлого авчирч, түүнийг толгой эргэм амжилт хүрээлж, алдрын тавцанд дуудсан билээ.
Гурван жилийн дараа хоёрдугаар анги “Бэтмэн эргэж ирсэн нь”-ээ бүтээж байлаа.
Найруулагчийн бас нэгэн сонирхолтой шийдлийг агуулсан, өргөн цар хүрээтэй бүтээл бол “Ангарагийн дайралт” байлаа. Цэнхэр гариг руу маань биднээс ч өндөр соёл иргэншил бүхий, үзэшгүй муухай царай, хэрцгий харийнхан довтолно.
Иймэрхүү кино Холливудаас тун ч их төрж гарсан ч Тим Бартоны харийнхныг үзэх үзэл огт өөр байлаа. Киног нь үзсэн зарим хүмүүс айн хирдхийж ирээдүйд ийм юм болох нь лавтай хэмээн шуугиан дэгдээж байсан гэдэг.
Энэ үеэс хойш өдгөөг хүртэл Тим Бартон 30-аад кинонд найруулагч, продюссерээр ажиллаж, өвөрмөц бүтээлүүдээрээ дэлгэцийг чимсээр байна.
Тим Бартоны гурвал
Найруулагчийн маань хамгийн дотны найз нь Холливудын энэ цаг үеийн шилдэг жүжигчин супер од Жонни Депп.
1990 онд “Хайчин гарт Эдвард” хэмээх алдартай киногоо бүтээж, гол дүр болох олны нүднээс нуугдаж, харанхуй цайзад ганцаар амьдрагч, хайчин гартай, этгээд хачин дүр төрхтэй ч сайхан сэтгэлтэй залуугийн дүрд Жонни Деппийг тоглуулснаар тэдний нөхөрлөл, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Түүний өвөрмөц дотоод ертөнцөөс тасран гарсан алдартай бүтээл нь яах аргагүй энэ кино юм.
Түүнээс өөр ямар ч найруулагч хурууныхаа оронд хайч суулгасан залуугийн сонирхолтой түүх бүхий ийм гайхалтай зохиол биччихээд түүнээ дэлгэцэнд амилуулж, үзэгчдийг алмайруулж чадах байсан гэж үү.
Бас тэр дүрийг нь бүтээсэн дүрдээ нэвт шингэж ордог, өөрийгөө танихаа больтлоо өөрчлөгдөж чаддаг Деппээс өөр жүжигчин олны сэтгэлд хүртэл амьдруулж чадах байсан болов уу.
Тэдний хамтарсан бүтээл эндээс эхлээд “Эд Вуд”, “Морь унасан толгойгүй хүн”, “Чарли ба шоколадны үйлдвэр”, “Свини Тодд”, “Алиса гайхамшгийн оронд” гээд л үргэлжилнэ.
Депп нэгэн ярилцлагадаа найруулагчийн талаар “Тим бол бүх талаараа өвөрмөц нэгэн, хэн ч түүний сэтгэснийг сэтгэж чадахгүй, ”Морь унасан толгойгүй” хүнээс сэдэвлээд дэлгэцийн бүтээл хийх санаа түүнээс өөр хэнд ч төрөөгүй, ер нь түүний дотоод ертөнц тэр чигээрээ үлгэрийн орон л гэсэн үг.
Нэг удаа тэр надад хэлсэн юм. Тэнгэрийг газар доор, дэлхий ертөнцийн гүнд байдаг гэж төсөөлбөл ямархуу дүр зураг гарч ирэх бол гэж. Тэр ийм л этгээд ертөнцөөр аялж явдаг хүн.
Тийм дээ ч түүний хийсэн бүхэн амжилтад хүрдэг” хэмээсэн байдаг.
Дотоод ертөнц, сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл шигээ өвөрмөц гадаад төрхөөр олон жил гоёж яваа Тим Бартоны бас нэгэн уран бүтээлийн сайн хамтрагч нь түүний эхнэр билээ. Жүжигчин Хелена Бохем Картер бол Тим Бартоны эхнэр гэдгийг та мэдэх үү.

Анхны эхнэрээсээ салаад удаагүй байхдаа 2001 онд “Сармагчны ертөнц” хэмээх алдарт киноныхоо зураг авалтын үеэр Тим жүжигчин бүсгүйтэй дурлалын холбоо үүсгэж, олныг шуугиулж байлаа.
Одоо тэд хоёр ч хүүхэдтэй гэр бүл бөгөөд хүүхдүүдээ төрөхөд нь Жонни Деппээр загалмайлуулж байлаа. Өөрийн хамгийн сүүлд найруулсан зургаан том бүтээлдээ эхнэрээ тоглуулснаас дөрөвт нь найз Жонни Деппээ урьж, киноныхоо гол дүрийг өгсөн.
Энэ нь ч тийм буруу сонголт бус. Тэд маш сайн гар нийлж ажилладаг бөгөөд түүнээс нь дурдья.
-2001 онд Тим маш сонирхолтой зохиол сонгож авсан нь нэгэн гариг дээр сармагчнууд соёл иргэншлийг бүтээж, хүмүүсийг боолчилж байгаа тухай гардаг.
Үүнийгээ тэрбээр кино болгож Марк Уолберг, Тим Рот, эхнэр Хелена Бохем Картер нарыг гол дүрд нь тоглуулсан. Сармагчин эмэгтэйн дүрд эхнэрээ хувиргасаны дараа найруулагч маань гайхан дуу алдсан гэдэг. “Planet of the Apes” буюу сармагчны ертөнц кино нь 180 сая долларын ашиг орлого түүнд авчирч байлаа.
-2003 онд “Big fish” хэмээх бас нэгэн ээлжит сенсаацаа тэрбээр кино ертөнцөд өргөн барив. Гол дүрд нь Титаникийн сөрөг дүр Эван Макрегор бас түүний эхнэр нь тоглож байлаа. Бүр хоёр ч дүрд. Эхлээд шулам эмэгтэйд, дараа нь нэгэн тосгоны төгөлдөр хуурын багш эмэгтэйн дүрийг чадварлагаар бүтээсэн.

-2005 оны “Чарли ба шоколадны үйлдвэр” хэмээх үлгэр домгийн мэт орчин, ер бусын адал явдлаар дүүрэн кино түүний бас нэгэн ээлжит домог болоод буй бүтээл. Гол дүрд нь алдарт Жонни Депп бас Хелена.
-Мөн 2005 онд бас л нэгэн өвөрмөц зохиолтой этгээд сонин бүтээл гаргалаа. Энэ удаад тэрбээр хүүхэлдэйн кино бүтээж, анимэйшнаар хүч үзлээ. “Сүнс сүйт бүсгүй” хэмээх үхсэн бүсгүйн сүнстэй гэрлэж, үхдлүүдийн сүнсийг амар амгалан тэнгэрт илгээхийн төлөө тэмцэх нэгэн залуугийн адал явдал бүхий бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног та санаж буй биз ээ. Тэгвэл энэ аймаар ч юм шиг хөгжилтэй ч юм шиг өвөрмөц бүтээл бас л Тим Бартоных. Гол дүрийнх нь хоёрт бас л найз, эхнэр хоёр нь дуу оруулсан гэж байгаа. Хүүхэлдэйн кинонд хүртэл уран бүтээлийн үнэнч хамтрагчид гэдгээ харуулж байна.
-2007 онд тэр мюзикл жанраар кино гаргасан. Түүний гараас гарсан бүх бүтээлүүд хит болж тэнгэрт тулсан ашиг орлого авчирдгын нэг жишээ нь бас л энэ кино. Уйдмаар ч юм шиг бас л Жонни Депп, Хелена хоёр гол дүрд нь ая дуу эгшиглүүлсээр тоглосон.
Эцэст нь энэхүү гайхалтай гурвалын хамгийн сүүлд гаргасан бүтээлийн талаар ярилцая. Нээлтээ хийгээд удаагүй байхдаа л АНУ-ын кино театруудаас 330 сая ам.долларын ашиг олсон "Алиса гайхамшгийн оронд" кино нь түүнийг ямархуу дорвитой уран бүтээл хийдгийг харуулна. Үлгэр домгийн ертөнцийг амилуулж чаддагаараа алдартай Тим Бартон өнөөх алдартай зохиолыг чинь шүүрч аваад л нэрээ цууриатуулж амжлаа шүү дээ. Гайхамшгийн орныг зөвхөн Тим Бартон л нүдэндээ төсөөлж, үзэгчдэд хүргэж чадна. Тэр үүнийгээ ч энэ кинонд дахин баталсан юм.
Гол дүрийг нь гайхамшигт Жонни Депп бас л амьдруулсан. Харин эхнэр нь туслах дүрд тогложээ.
Энэ найруулагчтай үнэхээр ярих юм байхгүй. Жүжигчдийн сонголт, киноны өнгө зүс гээд түүний бүтээлд өөлөх зүйл алгаа. Тэрбээр зөвхөн найруулагч биш. Зохиолч, мөн авьяслаг шоу мэйкер, зураач, дизайнер хүн.
Түүний хувцасны этгээд гаж гэмээр загваруудаар "эксцентрик" маягийн шоу зохион байгуулдаг юм.
Өөрийнх нь үз зүс, хувцас хунар тэр чигээрээ л реализмаас бусад модерн, элдэв янзын урсгалууд тэр чигээрээ ханхална.
Ирэх жил түүний гараас гурван ч кино гарч үзэгчид биднийг баярлуулах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ