“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” маргааш эхэлнэ
“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү уралдаан Азид өмнө нь болж байгаагүй ба манай улсад зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.
Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцох аж. Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм.
“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын уралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам 35 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ