Таван аймгийг ногоон хөгжлийн загвар болгоно
“Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн “Ногоон соёл, иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан билээ. Зорилтын хүрээнд БОНХ-ийн Сайдын тушаалаар Архангай, Ховд, Өвөрхангай, Булган, Хэнтий аймагт Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн багийг томилж ажиллуулжээ. Дээрх 5 аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл” боловсруулахад ажлын хэсгийнхэн мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч, ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн эхний хувилбарыг боловсруусан байна. Одоогийн байдлаар дээрх аймгууын ширгэж хатсан булаг шандыг сэргээх, тохижуулах, ойн бүтээгдэхүүнийг зүй зохистой ашиглах, хог хаягдлыг ангилах, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, ашигт малтмал гар аргаар олборлогчдын эвдсэн газрыг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах зэрэг ажлууд хийгдэж эхэлсэн гэнэ.
Тухайлбал, Өвөрхангай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд амьдардаг 1000 өрхөд бүрэн шаталттай, урт хугацаагаар дулаанаа хадгалдаг зуухыг олгож,14 аж ахуйн нэгж, байгууллагын нам даралтын зуухыг төвлөрсөн халаалтанд холбон, агаар бохирдуулдаг эх үүсвэрүүдийн тоог цөөрүүлсэн юм. Тус аймаг нь “Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайн явцад эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийг 90.0 хувьд хүргэх зорилт”-ыг дэвшүүлэн ажиллаж байна. “Ашигт малтмалын олборлолтоос байгаль орчинд учруулсан хохирол, эвдэрсэн газрын нарийвчилсан судалгаа гаргах” ажлын тендер зарлаж “ЖЭМР” ХХК-тай хамтран Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмал олборлогч иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газар, учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал тооцох ажлыг холбогдох журам, стандартын дагуу хийж, нарийвчилсан судалгаа гаргасан байна. Мөн гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон газарт орон нутгийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажлыг хийв. Аймгийн хэмжээнд техникийн нөхөн сэргээлтийг 121.47 га, биологийн нөхөн сэргээлтийг 30.45 га, буюу нийт 151.92 га талбайд хийж гүйцэтгэсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ