Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв

img

“Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов тэргүүтэй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, ОХУ-ын элчин сайдын яамны албаны хүмүүс Зайсанд орших Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө болон ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. БХ-ын  сайд Д.Бат-Эрдэнэ өнө удаан жилийн ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн Оросын ард түмэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн цэрэг дайчид, зэвсэгт хүчнийхэнд энэхүү аугаа өдрийн мэнд хүргэж байгаагаа ноён элчин сайдаар дамжуулан уламжиллаа. ОХУ-ын элчин сайд И.К.Азизов энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа үеийн үед бэхжин хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

1

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсний дараа эрхэм зочид төлөөлөгчид Монгол цэргийн музейн харьяа XX зууны шилдэг цэргийн жанжин, маршал Г.К.Жуковын гэр музейгээр зочилжээ. Дашрамд дурдахад, 1918 онд Герман Зөвлөлт Орос улс руу довтолсон үед Псков, Нарвагийн дэргэдэх тулалдаанд байгуулсан ялалтыг мөнхлөн, жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдрийг “Улаан армийн ялалтын баяр” болгон тэмдэглэж байсан билээ. Харин 1991 оноос эхлэн “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Энэхүү өдрийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчин, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам болон оросын байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ