Тайландад багтай этгээдүүд халдлага үйлджээ
Тайландад цуст мөргөлдөөнөөс гадна энгийн иргэд рүү хар баг зүүсэн этгээдүүд халдах нь ихсчээ. Өчигдөр нийслэл Бангкокийн зүүн хэсэгт байрлах “Шингэм” гэх худалдааны захад багтай үл таних гурван этгээд халдлага үйлдэж 40 настай эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт буудан хороожээ. Амиа алдсан хоёр хүүхдийн нэг нь найм, нөгөө нь 12 настай байжээ. Тэнд байсан худалдаачдын хэлж буйгаар амиа алдсан эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ хамт өдрийн хоолоо идэж байхад улсын дугааргүй машин унасан 3-5 этгээд “Та нар Йинглак Чинавтрагийн гар хөлнүүд мөн үү, Тэр бол урвагч, та гурав ч гэсэн урвагч. Тиймээс үхэх нь зөв” гэж хэлсэнийхээ дараа гал нээсэн гэнэ. Машин дотор сууж байсан нэг этгээд хэрвээ ойртох юм бол гал нээнэ гэж сүрдүүлж байсан учир цагдаа дуудаж, эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломжгүй байснаа тэд учирлажээ.
Бангкок хотын цагдаагийн дарга Ратрон Кхоё “Сүүлийн хэдэн сар нийслэл хотод Засгийн газрын зарим эрхмээс болж эмх замбараагүй байдал газар авсаар байна. Үзэл бодлоо илэрхийлж буй жагсагчдын дунд галт зэвсэг тарааж, гэмтгүй иргэдийг гэмтээх тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Харин гэгээн цагаан өдрөөр гэмгүй иргэдийн амийг хороож буйд гэмшиж байна. Мөрдлөгийн явцад халдлага үйлдэж буй багтай этгээдүүд зохион байгуулалттай хөдөлж байгаа учир илрүүлэхэд хүндрэл учирч байгаа” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ