Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Амьдрах ухаан” сургалтын төвөөр үйлчлүүлдэг дөрвөн хүн хордлогын шинжтэй энэ сарын 22-ны орой тус төвд иржээ. Тэднийг “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн ч гурав нь тус эмнэлэгт нэг нь хордлогын үндэсний төвд ирээд нас барсан аж. Хамгийн сүүлд амиа алдсан хүн нь “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэсэн “Арслант” нэртэй архийг уусан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэргэжлийн хяналтын байгууллага амиа алдсан хүмүүс уусан байж болзошгүй гэх “Арслант” архинаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.
Тус архийг үйлдвэрлэсэн гэх “Чин толгой” ХХК нь 2007 онд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж архи согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулахаа зогсоожээ. Тиймээс тус архины хаяг шошгыг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тойрог-1” дэлгүүрээс хураан авсан “Арслант” архи нь 0,5 0,75 литрээр савлагдсан, акцгүй, хаяг шошгын зөрчилтэй байна. Нэг нь Чинтолгой ХХК гэж бичсэн байхад нөгөөх нь үйлдвэрлэсэн байгууллагын мэдээлэл байхгүй байх зэрэг зөрчилтэй байжээ. Одоогоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын салбар нэгжүүд нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд борлуулж байгаа архи согтууруулах ундаанд шалгалт хийж байгаа аж.
Б.Буд
Уншиж байна |