12 сумын нутагт 2681 үхрийг устгажээ
Шүлхий өвчний улмаас хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад шүлхий өвчинтэй тэмцэж буй ажлын явцыг шалгах, хяналт тавих зорилгоор Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг шүлхийн голомт бүхий аймгуудад ажилласан байна.
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх аймгуудад улсын болон орон нутгийн чанартай замын пост, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хяналтыг газар дээр нь шалгах, шүлхий өвчний тархалтыг зогсоох, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй газар дээр нь танилцаж, ариутгал халдваргүйжүүлэлт, шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг вакцинжуулах ажлыг тогтоосон хугацаанд зааврын дагуу хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Улмаар уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэж хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж дээрхи арга хэмжээний хүрээнд гарсан зардлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар дээрх 3 аймгийн 12 сумын нутагт 2681 үхэр шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгажээ. Шүлхий өвчний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 297 хяналтын цэгт 1410 хүн, 285 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ