М.Ичинноров: Монголд хохирогчид нэмж хохирдог жишиг тогтчихсон байна
Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг "Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсан хэмээн сэжигтнээр татсан" гэнэ. Түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Алтанхүүгийн хүсэлтийн дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн байцааж эхэлсэн аж. Тэрбээр өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
1
М.Ичинноров тус хэрэг дээр стратегийн өмгөөллийг хийж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Шүүх шинжилгээнээс хийсэн хоёр дахь задлангийн хариу гарсан. Гэвч хохирогчийн ар гэрийнхэн нь л шинжилгээний бичигтэй танилцах эрхтэй болохоор би баттай мэдээлэл хэлж чадахгүй. Харин ар гэрийнхэн нь болон бусад эх сурвалжаас авсан мэдээгээр задлангийн хариу бүсгүйн эсрэг гарсан бололтой. Гэтэл талийгаачийн найз залуу болох тус хэргийн гол сэжигтэн Г.Алтанхүү намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэмээн шалгуулах хүсэлтийг гаргажээ. Би энэ хэргийн хохирогчийг эхийн сэтгэлээр өрөвдөж, ар гэрийнхэнд нь туслахыг зорьсон” гэж байв.
6
Хэвлэлийн хурлын дараа түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
6
-Таныг сэжигтнээр татсан гэж байна. Аль дүүрэгт, хэний гомдлоор шалгагдаж байгаа вэ?
-Г.Алтанхүү өөрөө гомдол гаргасан гэсэн. Тиймээс Г.Алтанхүүг хүнд гэмт хэрэгт санаатайгаар гүтгэсэн гэдэг зүйл ангиар Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгуулж, хэд хэдэн удаа байцаалт өгсөн байгаа.
5
-Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Энэ хэрэгт туслалцаа үзүүлж, стратегийн өмгөөлөл үзүүлсэний төлөө намайг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шалгуулсан гэсэн. Одоогоор цагдаа дээр байцаагдаж байна. Энэ хэрэг дээр би хэн нэгнийг гүтгэх, хэн нэгэнд ямар нэг хувийн ашиг сонирхлоороо хандаагүй. 21 настай бүсгүй найз залуудаа 48 цагийн турш зодуулаад амиа алджээ гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр олж хараад туслахыг хүссэн. Мөн над руу олон залуус хандаж энэ хэрэг дээр туслахыг хүссэн. Тиймээс би хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Хүүхдээ алдсан эх, эцэгт ямар байх нь ойлгомжтой. Тиймээс би энэ хэрэгт хамгийн түрүүнд эхийн сэтгэлээр, хоёрдугаарт, энэ хэрэгт стратегийн зарчим дээрээ тулгуурлаад бусад хуульчдын туслалцаатайгаар туслалцаа дэмжлэг үзүүлье гэж шийдсэн. Энэ хэрэг дээр өмгөөлөгч Д.Сайнзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч н.Арвинтариа гэдэг хоёр эмэгтэй ажиллаж байгаа. Би өөрөө хохирогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Түүнээс гадна нийгмийг хамарсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход энэ хэрэг жишиг болно гэдэг үндсэн дээр оролцсон.
6
-Талийгаачийн ар гэрийнхнээс мөн мэдүүлэг авч, шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Одоогийн байдлаар талийгаачийн ар гэрийнхнийг шалгаж байгаа зүйл байхгүй. Зөвхөн надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан.
1
-Г.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ руу шилжүүлсэн болов уу?
-Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа.
1
-Хавтаст хэрэгтэй та танилцсан уу. Г.Алтанхүү ер нь өөрөө хэрхэн мэдүүлж байгаа вэ?
-Хавтаст хэрэгтэй танилцуулдаггүй. Манай эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд нэг сонин зүйл байдаг. Энэ нь өмгөөлөгч нарыг анхнаас нь нээлттэй оролцуулдаггүй. Харин хэрэг боогдоод прокурорт очихын өмнө танилцуулдаг. Заримдаа өмгөөлөгч шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө хавтаст хэрэгтэй танилцах асуудал ч гардаг.
1
-Талийгаач н.Цэдэн-Ишийн шинжилгээний хариу албан ёсоор өчигдөр гарсан ч олон нийтэд ил болсонгүй. Харин Цэдэн-Ишийг архины хордлогод орсон байсан гэсэн мэдээлэл тарах боллоо. Энэ талаар?
-Хохирогчийн шинжилгээний хариутай би албан ёсоор танилцаагүй байна. Танилцах эрх нь хохирогч нар болон өмгөөлөгчид байгаа. Ар гэрийнхнээс нь нэг хүн, хоёр өмгөөлөгчийн нэг нь шинжилгээний хариуг сонссон. Тэдэнтэй холбогдож тодруулахад талийгаачийн шинжилгээний хариу тийм ч таатай гараагүй гэж байсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Ямартаа ч талийгаачийг архины хордлогод орсон гэх мэдээллийг үгүйсгэж байна. Ямар учраас ийм мэдээлэл яваад байгааг ойлгохгүй байна. Энэ мэдээллийг сонсоод ар гэрийнхэн нь, тэр дундаа ээж нь гүн шоконд орсон. Ер нь шүүх эмнэлгийн дүгнэлт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт их сонин гардаг. Тухайлбал, эхнэр, найз охин, хамтран амьдрагчаа алсан тохиолдолд тэр нь Монголд хэрэг биш болоод байна. Гэтэл хоёр залуу хоорондоо маргалдаж байгаад нэгнээ хохироовол ял авдаг. Тэгэхээр энэ байдалд хүн бүр анхаарлаа хандуулах ёстой. Хоёрдугаарт, шүүх эмнэлгийн дүгнэлтэд хэт дулдуйдаж болохгүй. Гэмт хэргийг нотлох олон онол, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, эрүүгийн хуулийн олон зарчмууд байдаг. Жишээлбэл, нөхцөл байдлыг тодорхойлох ёстой. Хамгийн гол зүйл тухайн хүний гэмт хэрэг үйлдэх гэсэн нөхцөл шалтгаан, санаа сэдлийг шалгах чухал. Мөн тэнд хүчирхийлэл болж байсныг нотлох маш олон баримт бий. Шүүх эмнэлгийн шинэчлэл хийгдэх эхлэлийг тавилаа гэж бодож байна. Тэгэхээр зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлт туйлын үнэн, эцсийн нотлох баримт болохгүй. Нөхцөл байдал, нотлох баримт, гэрчүүд гэж энэ хэрэг дээр байгаа шүү.
1
-Таны хувьд хэрэг дээр ажиллаж байгаа хүнийхээ хувьд хохирогчийг болон ар гэрийнхнийг нь судалсан байгаа. Талийгаач ер нь архи хэрэглэж байсан талаар мэдээлэл бий юу?
-Мэдээж охины талаарх мэдээллийг гэр бүлийнхнээс нь авна. Эцэг, эхэд нь үр хүүхэд хамгийн сайхнаар нь төсөөлөгдөнө шүү дээ. Тэгэхээр энэ архи хэрэглэж байсан гэсэн зүйлийг мэдээж гэрийнхнээс нь үгүйсгэж байгаа. Хохирогч хүмүүжилтэй айлын, төлөв даруу хүүхэд байсан.
1
-Ээжийнх нь биеийн байдал хэр байгаа вэ. Нийслэлд авчирна гэсэн юу болсон бэ?
-Ээжийнх нь биеийн байдал маш хүнд байгаа. Ганц охиноо алдсан хүн учир байнга ухаан алдаж унадаг. Телевизээр охиных нь тухай гарч байгаа мэдээллийг сонсох бүртээ биеийн байдал нь хүндэрдэг. Зарим хэвлэл мэдээллээр хохирогч болон ар гэрийнхэнтэй нь холбоотой гүтгэлгийн мэдээ гаргаж байна. Ер нь Монгол Улсад хохирсон хүмүүс хохирсон дээрээ хохирдог жишиг тогтчихож гэдгийг л хэлмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлд амь насаа алдсан тохиолдолд буруутай этгээдүүд хариуцлага хүлээдгүй жишээ олноор гарч ирж байна. Яагаад гэвэл Цэдэн-Иш гэдэг охинтой холбоотой хэрэг дээр ажилласны дараа энэ төрлийн хэргийн мэдээлэл их ирлээ. Энэ чигтээ охиноо алдсан эцэг эх олон байгаа гэдгийг хэлмээр байна.
1
-Шүүх эмнэлгийн дүгнэлт итгэхийн аргагүй гарах тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, өнгөрсөн онд төрөх эмнэлэгт хагалгаанд ороод гэдсэнд нь марль үлдсэн гэх эмэгтэйн Шүүх эмнэлгийн дүгнэлт нь "эмэгтэй өөрөө марлиа амаараа залгиад тэр нь нарийн гэдсийг цоолсон" гэх утгатай дүгнэлт гарч, ар гэр нь хэл ам болж байсан. Ийм байж болох уу?
-Хоёр залуу нэгнийгээ гэмтээчихсэн байхад хөнгөн, хүнд гэж ялгаад хайран залууг 3-аас дээш жилээр хорих ял өгчихдөг. Гэтэл гэр бүлийн хүрээнд хүний амь эрсдчихээд байхад хөнгөн гэмтэл, хүндэвтэр гэмтэл гээд дүгнэлт гаргаад байдаг асуудлыг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ хэрэг маань олон бусармаг зүйлийг ил гаргаж ирж байна. Ялангуяа Шүүх эмнэлэгтэй холбоотой асуудлыг ил болголоо. Тиймээс салбарын шинэчлэл, ялангуяа Шүүх эмнэлгийн шинэчлэл хийгдэнэ гэж найдах л үлдлээ.
бй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ