Виктор Аныг “IV зэргийн одон”-гоор шагнав
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр “Сочи”-гийн өвлийн олимпд амжилт гаргаж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг, тамирчдаа урамшуулжээ.
Ерөнхийлөгч Путин энэ үеэр эх орны төлөө гавъяа байгуулсан баатруудад гардуулдаг “IV зэргийн одон”-гоор Солонгос гаралтай ОХУ-ын иргэн Виктор Ан, уран гулгалтын алдарт тамирчин Евгений Плющенко нарыг шагнажээ.
Виктор Ан энэ удаагийн өвлийн олимпийн наадмаас гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр дөрвөн медаль хүртсэнээр “Сочи”-ийн олимпоос хамгийн их медаль хүртсэн тамирчины нэг болсон билээ.
Виктор Ан шагналаа гардан авсаны дараа хэвлэлийхэнд, “Би Оросын ард түмэнд баярласанаа илэрхийлж байна. Мөн Ерөнхийлөгч Владимир Путин таньд талархсанаа илэрхийлье. Та бүхний урамыг хугалахгүйн тулд зогсолтгүй хөдөлмөрлөх болно” гэжээ.
Харин Евгений Плющенкод эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын төрөлд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавъяаг нь үнэлж “IV зэргийн одон”-гоор тус тус шагнажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ