Аниргүйг хөгжөөсөн хаан хуурчид
Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн хичээлийн хоёрдугаар байрны хаалгыг татахад л хаан хуурын эрхэмсэг аяз эгшиглэж байлаа. Энэ сургуулийн концертын танхимд XIX зууны алдарт хөгжмийн зохиолч, нэрт төгөлдөр хуурч Фридерик Шопены нэрэмжит “Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан болж байгаа билээ.
s
Тус уралдаан өнгөрөгч ням гараг буюу энэ сарын 23-нд эхэлсэн юм. ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол гэх дөрвөн орны 30 төгөлдөр хуурч А буюу 17-оос дээш нас, В буюу 17 хүртэлх гэсэн насны хоёр ангилалд өрсөлдөж байгаа ажээ. Өнөөдөр А ангилалын хоёрдугаар шатны сонсгол явагдаж байгаа ба зургаан төгөлдөр хуурч тунан үлдэж, өрсөлдөж байна. Тодруулбал, БНХАУ-ын төгөлдөр хуурч Хао Инже, Зү ванг, Б.Номингуа, С.Номин, Т.Янжинзаяа, Б.Оюунгэрэл нар үлджээ. В ангилалаас мөн зургаан төгөлдөр хуурч II шатанд шалгарч үлдсэн ба тэд маргааш уралдах юм байна.
s
Нэг оролцогч тайзан дээр ойролцоогоор 20-30 минутын хугацаанд Ф.Шопены болон төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн төгөлдөр хуурт зориулсан бүтээлийг заавал тоглож, өөрийн уран чадвараа харуулах ёстой юм байна. Ялаа ниссэн ч сонсогдом анир чимээгүй уралдааны танхимд ноёлж байлаа. Тэнд утсаар болон хоорондоо чанга ярих нь ч хориотой, хүмүүс шаардлагатай тохиолдолд маш зөөлнөөр шивнэн ярилцах ба ихэнхдээ амны хайрцаг, дохио зангаагаар ойлголцож байсан юм. Чимээ гаргаж, төгөлдөр хуурч, шүүгч, үзэгчдийг анхаарлыг сарниулж зүрхлэх хэн нэгэн байхгүй ажээ.
S
Уралдаан явагдаж буй газарт орсон тохиолдолд тухайн оролцогчийг тоглож дуустал хэн ч гарах болон орох эрхгүй. Тэнд хаан хуурын хар цагаан товчлуур дээр алдарт Ф.Шопены зохиосон аязыг амилуулах хөгжимчний уран цагаан хуруунууд л гагцхүү хөдлөх эрхтэй мэт. Төгөлдөр хуурын аязыг сонсох гэсэн хүмүүс концертын танхимын хаалганы гаднаас сонсож, ханан дахь зурагтаас дүрсийг нь харах аж. Тэдний дотор Хөгжим бүжгийн Коллежийн захирал, МУГЖ Г.Эрдэнэбат хүртэл зогсож буй харагдсан. Оролцогчдынхоо эрх, үзэгчдийн соёлыг эн тэргүүнд тавьсан ийм нэгэн уралдаан болж байна.
S
Бид энэхүү уралдаанд эх орноо төлөөлөн оролцохоор АНУ-аас ирсэн С.Номингийн тоглолтыг үзэж таарсан юм. Тэр үнэхээр чадварлаг, авьяаслаг нэгэн ажээ. Уралдааны шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, ОХУ-ын Иркутск хотын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал А.С.Дурбажева, БНХАУ-ын Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн захирал Зи Танг, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, СТА Ц.Энхтөр нар ажиллаж байгаа. Энэ сарын 28-нд уралдааны Гран при шагналтан тодорч, Польш улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн академид суралцах эрхийн бичгийг гардан авах болно.
S
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ