“Эрдмийн IV чуулган”-ы тов гарчээ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит “Эрдмийн чуулган” ирэх дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах чуулганыг ШУТИС-иас уламжлал болгон явуулдаг ба энэ жил 14 удаагийнх нь болох юм.
Уг үйл ажиллагаа нь их, дээд сургуулиудын бакалаврын шатны оюутныг судалгаа шинжилгээний ажилд оролцуулах, дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, онол, практик хосолсон мэдлэгтэй болгох, бүтээлийг нь ажил олгогчдод танилцуулах, төсөл хөтөлбөрт хамруулах зорилготой байдаг.
Их, дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бага хурал, шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулж, шалгарсан оюутнаа энэхүү чуулганд оролцуулдаг. Энэхүү эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттай болох ба нэгдүгээр шатанд мэргэжлийн профессор, багш нар ирсэн бүтээлүүдийг шүүж, салбар тус бүрээс таван илтгэл шалгаруулан дөрөвдүгээр сарын 08-ны өдөр зарлах аж. Эндээс шалгарсан бүтээлүүд хоёрдугаар шатанд өрсөлдөх буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ШУТИС-ийн I байрны хурлын танхимд нээлттэй сонсож, шилдгийг тодруулах юм байна.
Чуулганд оролцох бүтээлийг ирэх гуравдугаар сарын 28-ныг хүртэл хүлээж авна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ