МАХН дахь дажин Н.Энхбаярын буурийг түйвээх нь ээ
Хурган дарга нарын дажин МАХН-д үргэлжилсээр. Энэ нь тус намын хүчийг бүр ч сулруулж байна. “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр даргынхаа эзгүйд МАХН хэмээх байгуулсан буурин дээр нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байх шив. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Саяхан тус намын гишүүд чи би дээ хүрч хэвлэлийн хурлын үеэрээ гар зөрүүлэхдээ хүрсэн. Элсээд байгаа шинэ гишүүн байгаа юм уу, энд тэндээс хэдэн хүн гуйж авчраад батлах гардуулчихсан юм биш үү гэж хардах өнгө ч анзаарагдсан. Тус намын жирийн гишүүд хоорондоо үзэл бодлоосоо болж гар зөрүүлэх нь энгийн үзэгдэл гэж бодъё. Ардчилсан нийгэмд хэн ч өөр өөрийн үзэл бодлоо цээжээрээ хамгаалж мэтгэлцэх нь юун сонин, хачин байх билээ, байдаг л зүйл. Харин намын удирдлагууд хэл амаа ололцохгүй байх нь хагарал бутрал авчирдгийг бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны туршлагаараа мэдэрсэн.
1
Намын удирдлагууд нэг санаа, нэгдмэл зорилготой бус фракц болон талцсанаас өнөөдөр соц хэмээн цоллуулж байсан Монголын ууган хүчин хүртэл хоёр хуваагдаад байна. Намын бутрал хоёр хуваагдаад зогссонгүй бялдууч, дулдуйч, зальтай этгээдүүдэд карьеараа өгсөх, хоёр талд гүйх, дундыг барих сонголтын талбар болоод байгаа билээ. Өнөөдөр хэн нэг гишүүн амин хувийн ажлаа амжуулахаар МАН, МАХН-ын удирдлагууд тус бүр дээр “Өөрийнхөө намдаа л үнэнч, анхнаасаа л энэ намын төлөө зүтгэж ирсэн, одоо ч дэмжиж байна” энэ тэр гэж ороод, зорьсон хэргээ нэг удаад гүйцэлдүүлээд авч байгааг хэн ч үгүйсгэхгүй. Үүн дээр МАХН-ынхан МАН-аас олны танил, улстөрчид элсүүлэхээр шамдаж байгаа мессэжийг овжиноор ашиглагчид байна аа, байна.
1
Өнөөдөр Н.Энхбаяр даргынхаа эзгүйд МАХН-ынхан бүгд “Би”, “дарга” болчихож. Тиймээс л МАХН-ын буурин дээр “мянган толгой, нэг сүүлтэй” могойн үлгэр шиг бужигналдаж байна. Саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Н.Энхбаяр дарга улс төрд орохоор яарч байна” гэж хэлсэн байсан. Яарахаас өөр яах билээ. Цэргүүд нь буурийг нь сүйтгээд байхад хэн амар амгалан алсад сууж байхав.
1
МАН-ын дэд дарга, нарийн бичгийн дарга нар болон УИХ-ын гишүүдийн хоорондох хагарал улам бүр ширүүсч байх шиг. Чуулган завсарласан энэ үед нам дахь бухимдлаа О.Баасанхүү гишүүн цахим ертөнцөөр жиргэж, өөрийгөө тайтгаруулж байх шиг байна. Тэдний тэмцэл эрх ашгаас үүдэлтэй нь хэнд ч тодорхой. Намрын чуулган хаалтаа хийхдээ Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж чадаагүй. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хэлэлцүүлэх хуулийн төсөл нь багтаагүй байна гэсэн гомдол, шүүмжлэл УИХ дахь МАН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс ирж байсан юм. Тодруулбал, гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нар “МАХН-ын гишүүдээс өргөн барьсан хуулийн төсөл намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдээгүй. Гэтэл хаврын чуулган хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна. Гишүүдийн өргөн барьсан төслийг хэлэлцүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ” гэж УИХ-ын даргаас асууж байлаа. Нөгөөтэйгүүр Ц.Оюунбаатар нарын гишүүний өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдээгүй. Тиймээс ч энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Чингисийн талбайд тайван жагсаал хийлгэж, шаардаж үзсэн. Харамсалтай нь тусыг эс олсон. Цаашлаад тус намын гишүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад өргөн барьсан хуулийн төслүүдээ багтааж өгөхгүй бол Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдээд амжсан. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН-ын сул гишүүд Засгаас гарах тухай ам цухуйлгаснаас бус давхар дээлтэй гишүүд энэ талаар ганц үг ган хийгээгүй.
1
Тус нам дахь сандал ширээний маргаанаас үүдсэн зөрчил намжаагүйгээр барахгүй ширүүсээр байгаа бололтой. Учир нь гишүүн О.Баасанхүү цахим ертөнцөөр журмын нөхдөө хайр найргүй “намнаж” байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн, Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыгаа “Би ТБД-г гурван дээлтэй гэж буруу хэлсэн юм билээ. Тэр дөрвөн дээлтэй, компанийг нь мартчихаж” гэсэн бол Сангийн сайд Ч.Улааныг “Монгол Улсын хөгжилд гай болсон” гурван сайдын нэгд багтаасан байна. Цаашлаад Эрүүл мэндийн сайд Н.Удвалыгаа ч зүгээр орхисонгүй, түүнийг хамгаалах хатгахын завсарт “Н.Удвал бол унасан салбарыг аваад унасан хэлбэрээр нь байлгаж байгаа хүн. Гай ч байхгүй, гавьяа ч байхгүй” хэмээн жиргэсэн байна. Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газарт байгаа журмын нөхөд рүүгээ “зүүгээр хатгажээ”. Намын гишүүд нь том, жижиггүй гар зөрүүлээд, Н.Энхбаяр даргыгаа ирэхээс өмнө намын буурийг нь түйвээх нь ээ.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ