Тэмээ тэнгэрийн амьтан

sda
Баянлиг сумын зорив
da
Бууцагаан сумын “Шинэ сум” төсөлтэй танилцаж, Заг, Бөмбөгөр сумын сайн малчдын гэрт зочилж, Гурванбулаг суманд -40 хэмийн хүйтэнд адуучин залуусын ур чадварыг үзэж сонирхсон манай багийнхан Баянхонгор суманд бямба гаригийн 23 цаг орчимд ирэв. Аймгийн төв рүү орж ирэхэд, хот суурин газрын хөл хөдөлгөөн тасраагүй, харин хээрийн цэнгэг агаар нүүрсний утаагаар солигдон содон үнэртэж байлаа. Хэвлэлийнхэн маань буудалласан зочид буудалд очин явсан замын сонин хачинаа хэсэг хуучлаад унтаж амарцгаав. Маргааш нь ням гариг байсан ч ҮХААЯ-ны удирдах ажилтны зөвлөгөөн 09 цагт эхэлж, бид ажилдаа гарлаа.
Сурвалжлага дуусч Баянхонгор аймгийн төвтэй танилцаж, уурын зуухны тас хар утаа, уулан дээр үлдээсэн “Валентин”-ий өдрийн тэмдэг, дэлгүүр хоршоогоор орж үзэв.
“Баянхонгор баруун бүсийн худалдаааны тулгуур төв” нэртэй хамгийн том захаар нь ч орж үзлээ. Дэлгүүрүүд нь барааны сонголт арвин, худалдан авагчдын худалдан авах чадвар харьцангуй өндөр юм болов уу гэж санагдсан. Удалгүй бид хамгийн сүүлийн сум болох Баянлиг сумыг зорих болов. Зохион байгуулагчид маань “Маргааш Баянлиг сумын “Шинэ сум” төсөлтэй танилцаад, Монгол Улсын гавъяат малчин, 1000 тэмээтэй айлд зочилно. Яамны болон УИХ-ын гишүүн Ц.Ганбат нар өглөө яваад очино. Хэдүүлээ Естана-гаар явахаар хоцроод байгаа тул түрүүлж очоод хононо. Сумын удирдлагуудтай холбогдсон” гэлээ. Баянлиг сум нь аймгийн төвөөс 230 км, говийн бүст багтдаг ажээ. Бидний явах зам хэдийгээр цастай ч гэлээ элсэрхэг зөөлөн хөрстэй, цаг агаарын хувьд ч харьцангуй дулаахан байв. Замдаа бид нутгийн ахаас зам асуусан нь өнөө цагт ховордсон анчин таарсан юм.
Энэ хаврын мал төллөлт хэдийнээ эхэлсэн гэдгийг илтгэсэн бяцхан хурганууд эхийгээ даган хурдалж байхтай ч таарав.
:
Сумаас “хөөгдөхөө” шахав
ахө
Бид явсаар Зүүн богд хайрханд хүрч, сүрлэг олон уулсын дундуур 4 км орчим давхив.
Бидний явсан замыг Богдын хавцал гэдэг юм билээ. Хавцалаас гарахад тэртээ баруунтайд гэрэл анивалзаж байсан нь бидний зорьсон Баянлиг сум ажээ. Хээр талд анивалзах гэрэл харахад ойр ч хүрэхэд хол. Бид 30 гаран км давхисаар 19 цагийн орчим сумын төвд хүрч очив. Онцлог нь биднийг хэн нэгэн тоссонгүй. Зохион байгуулагчид маань хэсэг ийш тийш утасдаж байж, нэг машинтай эмэгтэй дагуулж явсаар, сумын цэцэрлэгт бид буудаллав. Тэрбээр “Та нарыг өчигдөр ирнэ гэж байсан болохоор ирэхээ больжээ гэж бодсон юм. Маргааш цэцэрлэг 8 цаг гэхэд хүүхдүүдээ хүлээж авна. Та нар тэр үед байраа суллаж өгөөрэй. Сургуулийн дотуур байранд өглөө нэг өрөө гаргаж өгнө. Тэнд ачаагаа оруулаад дарга нарыг ирэхийг хүлээнэ биз. Ямар ч байсан одоо 29 хүний хоол ирнэ” гэсээр гарч одов. 6-7 цаг замд яваад ядарсан болохоор бушуухан хэвтэж амрахыг бодсон ч бид хоолоо хүлээлээ. Цаг орчмын дараа хоол ирж, хоол нь хүрэлцээгүйгээс бага зэргийн үл ойлгол үүсэв. Хүний тоогоо хэлээд байхад гэж зохион байгуулагчдын зүгээс бухимдсан бол тооцоогоо яаж хийх юм гэж нөгөө тал бухимдав. Ямартай ч бид хооллосон тул унтахаар хэвтэж байтал сумын Засаг дарга байна гэсээр 50 орчим насны ах орж ирлээ. Засаг дарга нилээн бухимдангуй “Та нар биднийг үл тоож болохгүй. Суманд бас хүмүүс амьдардаг юм. Хэн та нарыг ир гэж гуйсан юм. Манай сумыг хэн сурталчилаадах гээв. Нэг гавъяатыг сурвалжилна гэж барьцаалаад байх даа яахав дээ” гэж ихэд уурлав. Бид ч “Улаанбаатар хотоос танай сумын бүтээн байгуулалтыг харах гэж ирсэн, танай сумын гавъяат малчинг орон даяар танилцуулах гээд ирж байхад ядаж хоол ундны хэрүүл хийхгүй байж болохгүй нь уу” гэлээ. Тэгтэл Засаг дарга гэх ах бүүр ч ихээр уурлан “Явцгаа та нар. Би Баттулга сайдтай ярина. Та нар яах гэж ирсэн юм ер нь” гэсээр гарч одов. Бид ч хэсэг зуур болсон явдын талаар ярилцаж, ҮХАА-ын удирдлагууд ч зохион байгуулагчид руу ярьж асуудал тэгсгээд намжиж, бид унтахаар болов. Харин энэ цэцэрлэгт хучлага, гудас аваарай гэж хэн нэгэн халамж анхаарал тавьсангүй бид мешокондоо орон нам гүм унтахаар хэвтлээ.
₮
Гавъяат малчин Ц.Шинэн гуайнд зочлов
ха
Утасны сэрүүлэг 07 цагт хангинаж, хүүхдүүдийг ирэхээс өмнө анги танхимыг нь суллаж өгөхөөр бид босоцгоолоо. Нүүр гараа угааж, ачаагаа бэлдсэн бид унаагаа хүлээж зогсоход цэцэрлэгийн багачууд аав ээжээрээ хөтлүүлэн ангидаа орж байв.
Аав нар хүүхдүүдээ мотоциклоор хүргэж ирдэг ажээ. Удалгүй унаа ирж бид сургуулийн дотуур байранд очив. Дотуур байрны цайны газар өглөөний хоол идэцгээгээд дарга нарыг аймгийн төвөөс иртэл чөлөөт цаг гэлээ. Дэмий суухаар сумын төвтэй танилцая хэмээн хэдэн нөхдийн хамт гадуур алхав. Сумын амьдрал нам гүмхэн. Хүүхдүүд хичээл сургууль гэнэ, томчууд нь ажил төрлөө амжуулан мотоцикл, морьтой урдуур хойгуур давхилдах ажээ. Тэгтэл биднийг уулзах Ц.Шинэн гуайнх сумын төвөөс 500 м-т байдаг гэснийг гэнэт санан дэмий байхаар эртхэн уулзаад авъя гэж ярилцав. Сумын зах руу хараа бэлчээсээр тэмээ харагдсан нэг хашаа руу дөхөж, замдаа хүнээс асууж явав. Тэднийхийг мэдэхгүй хүн үгүй ажээ.
Шууд л гэрт нь яваад очив. Хашааных нь гадна хотондоо байх тэмээнүүдийг харж хэсэг зогсоод гэрээс хүн гарч ирэхийг хүлээлээ. Ц.Шинэн гуайн гэргий биднийг угтан авч гэртээ оруулав. Гэрт ороход Ц.Шинэн гуайнд хэдийнээ зочин ирсэн ажээ. Тэр бол бидэнтэй хамт явсан “Нирун” студийн зураглаач залуу, баримтат кино хийх ажлаа амжуулж байв. Ц.Шинэн гуай яриа хөөрөө сайтай, цаанаа л нэг сайхан монгол эр хүний намба төрх, уужуу тайван зан төрх ажиглагдаж байлаа.
Удалгүй бид Ц.Шинэн гуайн хотонд очин ингэн тэмээ, бууран дунд ярилцлагаа үргэлжлүүлсэн юм. 1000 гаруй тэмээ нь хэдийнээ бэлчээрт гарсан гэнэ. Харин ботготой ингэнүүдийг сүүлд нь бэлчээрт гаргахаар хашсан байсан энэ ажээ. Тэмээ тэнгэрийн амьтан гэдэг. Тэмээн дунд зосгоход сүрдмээр, бахархмаар, сэтгэл догдлоод нэг л сайхан. Ц.Шинэн гуайн найз Б.Төмөрсүх ахаар замчлуулан тэмээн сүргийн дундуур зураг авч явсаар сүргийн манлай буурны өмнө ирж зогсов. Түүний харц дээгүүр, хараа тогтуун, өөртөө итгэлтэй, ихэмсэг дүр, сүр жавхлангийн дээд гэлтэй. Энэ буур нь хавтгайн төл аж. Түүнийг бусад тэмээ, буурнуудтай хамт бэлчээрт гаргахаар буурнуудаа хазаж хайраад байдаг юм. 60 орчим ингэтэй өөр зүгт бэлчээдэг гэж байв.
Ингэн тэмээг буурны хамт бэлчээрт нь гаргахад, ботгонууд тушаал авсан цэрэг адил нэгэн эгнээгээр зэллэн зогсож, эхийнхээ араас тормолзон харж үлдлээ.
Ботгонууд эхийнхээ араас буйлахыг сонсоход яагаад ч гунигтай санагдаж, нулимс гарч орхисон юм. Ц.Шинэн гуай энэ буур их ааштай тэмээгээр туухаар уурлаад хөдлөхгүй, мотоциклтой бол харин үгэнд ороод байдаг юм. Ах нь энэ хэдэн тэмээгээ блэчээрт нь гаргаадхая.
Удахгүй дарга нар ирэхээр дахиад уулзая, түр баяртай гэлээ. Бид байрандаа очиж, дотуур байрны хөгжмийн тэнхимд сурагчид чулуун хөгжмөөр тоглож байхтай таарав. Өнгөрсөн онд сумын 70 жилийн ойд зориулан 70 ширхэг чулуугаар хөгжим хийсэн гэнэ. Чулуунууд дээр долоон нотыг дараалан бичиж, цохиураар товшиход өвөрмөц аялгуу гардаг юм билээ.
Сумын төвийнхөний гарыг хараад сурчихсан чихэр, жимс юу ч өгсөн иддэг ховдог илжигтэй ч таарсан юм.
12 цагийн орчим ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар ирж, хэвлэлийнхэнтэй хамт “Шинэ сум”-тай танилцав.
Баянлиг сумын хувьд цаг агаар дулаан, ажил саатсан зүйлгүй, гүйцэтгэл 95 хувьтай, спорт цогцолборын угсралт арай дуусаагүй. Бусад барилгууд дотоод засалдаа орсон гэдгийг гүйцэтгэгч “Их модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн хэлж байв.
с
Тэмээн дээрээс наран ойрхон
хх
Бүтээн байгуулалтын ажилтай танилцсаны дараа Ц.Шинэн гуай тэмээгээ бэлчээдэг бэлчээрт нь очиж уулзав. Тэмээ нэг дор бэлчдэггүй талаар нэг тарж бэлчдэг аж. Бид тэмээг тал талаас хураан нийлүүлж байж нилээн хэдэн зураг авав. Ц.Шинэн гуай энэ үеэр “Би тэмээ өсгөхөөс гадна “Тэмээн поло” тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн. Миний сойсон тэмээ хамгийн хурдан нь байж, намайг морины алдарт уяачидтай адил тэмээний алдарт уяач цолтой болгосон. Өмнөговийн Засаг дарга 1000 тэмээ уралдуулж, Геннист бүртгүүлнэ гэж амалсан. Монгол тэмээний нэрийг алдаршуулахад оролцоно” гэж байв.
аө
Мянган тэмээ тоолуулсан түүнийг Засгийн газраас тэрбумын хөрөнгөтэй “Тэрбумтан малчин” хэмээн зарласан аж. Учир нь тэмээний тоог мөнгөн дүнд шилжүүлэн тооцсон юм билээ. Харин Ц.Шинэн гуай энэ тухай хэлэхдээ “Би хэзээ ч тэмээгээ, таван хошуу малаа мөнгө гэж харж байгаагүй. Тэмээний хувьд тоо толгойг нь бодож, угшил, сүү сааль, ноос үс бие бялдарыг нь тэнцвэртэй байлгахыг зорьж ирсэн. Тиймээс Ханын хэцийн хүрэнгээс 3 буур, Галбын говийн улаанаас 2 буурь, Говь-Алтай аймгаас нэгбуур, Ламын гэгээний нутгаас жижиг улаан тэмээний угшилтай буур авчирлаа. Хавтгайн төл авлаа. Миний тэмээнүүд чанарлаг” хэмээн өгүүлж байсан юм.
аб
Жинхэнэ монгол “натур”
аө
Ц.Шинэн гуайн багын найз, аймгийн начин, тэмээчин Б.Төмөрсүх ахыг хараад зохиолчдын бичдэг нутгийн хөх өвгөд гэдэг үг санаанд орж ирсэн юм. Үнэхээр монголын хөдөөгийн тухай ном зохиол, кинонд гардаг тэр эгэл жирийн төрх. Хөдөө нутагт олон таарах ч хотын бидэнд тэр бүр тааралдаад байхгүй дүр төрхийг өөртөө шингээсэн Б.Төмөрсүх ах 60 гаран тэмээтэй. Гурван үеэрээ тэмээ малласан гэнэ. Залуудаа нэгдлийн 300 тэмээг маллаж байжээ. Түүний хүүхдүүд мөн л нутагтаа аав ээждээ туслан тэмээ маллаж байгаа аж. Б.Төмөрсүх ах энэ үеэр “Та нар уг нь яараагүйсэн бол энэ доод руу Ар ус гэдэг булаг бий. Тэнд тэмээ, заг, булаг гээд зураг авсан бол их сайхан байгальтай газар” хэмээн санаа тавьж байсан юм.
бы
Ирсэн гийчин буцдаг
ра
Ийнхүү Баянхонгор аймагт дөрөв хоног ажиллаж, Улаанбаатар хотын зүг буцах боллоо. Сумын төвд хоололчихоод яв. Хол явах улс хэмээн Засаг дарга хэлэв. Уурлаад, бухимдаад байсан түүний ааш их сайхан болсон байх аж. 16 цагийн орчимд бид хот руу хөдөллөө. 2000 гаруй км зам туулсан сурвалжлагаа өндөрлөөд буцах замдаа “Шинэ сум” төсөл Монгол Улсын бүх сумдад хэрэгжиж, сумын хүүхдүүд хотын багачуудтай адил хэрэглээтэй, 21 дүгээр зууны иргэд болгохсон гэж бодож байв. Хамгийн гол нь сум орон нутгийг хөгжүүлэх төр засгийн бодлогоос гадна нутгаасаа гарсан, нутгаараа нэрлэгдэж яваа алдар цуутнууд, бизнесийнхэн, жирийн иргэд хэн ч байсан нутагтаа очиж амьдардаггүй юм аа гэхэд нэг гэлтгүй юм хийж өгөөсэй. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг хүн бүрийн сэтгэл, итгэл сум орон нутгийг чинь хөгжилд хүргэнэ. Нутгийн цэнхэр уулс, намхан буурал өвгөд, тоглож өссөн толгод чинь таныг хүлээж байгаа. Сурсан мэдсэн бүхнээ нутагтаа дэлгэрүүлж, соёлын үрийг тарихыг хүлээж байгаа шүү гэдгийг хацар жиндүүлсэн хүйтэн жавар, халуу төөнөсөн говь нутгийн зөллөн салхи шивнэх шиг болсон юм.
аб
П.Нарандэлгэр
:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ