Тэтгэвэрт гарлаа...ядуурал

Нэгэн цагт нийгмийг бүтээн босголцож, улс эх орныхоо төлөө хөлс хөдөлмөрөө зориулж явсан хүмүүс өдгөө тэтгэврээ нэмүүлье гээд залуу үеэ царай алдаж, төрийн ордныг гороолж, хэдэн өдөр жагсаж буй. Гэхдээ эрх баригчид тэдний шаардлагыг сонсох завгүй улстөр бужигнаж байна.
Манайд тэтгэвэрт гарна гэдэг ажилгүйдлээс ялгаагүй, бүр ч дор амьдралын босго руу унадаг. Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байна. Тэгвэл энэ мөнгөөр амьдрах боломж бий юу?
- 1 кг мах – 18,000–22,000₮
- 1 сарын эмийн зардал (дунджаар) – 100,000–250,000₮
- 1 өрхийн тог цахилгаан, усны дундаж төлбөр – 80,000–150,000₮
- Хоол хүнс, бусад зүйлс... гээд тооцвол сард авдаг тэтгэвэр нь ердөө хэдхэн өдрийн хэрэгцээг нь хангараах байна. Тиймдээ ч олон ахмадууд сар шинийн бууз, хэвийн боов гээд баярын бэлтгэлээ тэтгэврийн зээл авч базаадаг.
Тэтгэврийг жил бүр инфляцитай уялдуулж нэмэгдүүлэх эрхзүйн зохицуулалт бүрдсэн ч бодит амьдрал дээр энэ нь хангалттай дэмжлэг болж чаддаггүй. Энэ оны төсөвт зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд 378 тэрбум төгрөг суулгасан ч энэ нь инфляцын 6 хувьтай л тэнцэнэ. Өөрөөр хэлбэл өдөр өдрөөр нэмэгдэж байгаа талх, мах, сүүг тэтгэвэр дагаж хүчирэхгүй байна.
Б.Жавхлан: Улсын төсөв хязгаартай. ДНБ-ий 24%-аас хэтрэхгүй гэсэн “тааз”-тай суурь зардлын 90% нь аль хэдийн хуулиар “түгжээтэй”. Тиймээс шинэчлэл хийх орон зай тун бага. 3.6–4 их наяд төгрөгийн дарамт үүсгэх шинэчлэлийг үе шаттай хийж эхлэхээс өөр гарцгүй.
Япон улс:
Япон улсын тэтгэврийн систем нь гурван тулгуурт суурилдаг:
- Үндэсний тэтгэврийн сан (бүх иргэдэд)
- Хөдөлмөр эрхлэгчдийн даатгалын тэтгэвэр
- Хувийн хуримтлал буюу нэмэлт сан
2024 оны байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 1.5 сая иен (ойролцоогоор 30 сая төгрөг орчим) бөгөөд ахмадуудын 70 хувь нь өөрийн хуримтлал, хөрөнгөөр амар тайван амьдарч байна.
Швед:
Шведийн тэтгэврийн тогтолцоо 100% ил тод, хувь хүн бүр өөрийн хуримтлалаа хянаж, нэмэлт хувийн тэтгэврийн сан үүсгэдэг. Тэтгэвэр нь инфляц, цалингийн өсөлттэй уялддаг. Бөгөөд ахмадуудын 85 хувь нь ядууралгүй, өөрийгөө бүрэн аваад явах чадвартай.
БНСУ:
Солонгос ахмад настнуудын тэтгэвэр дунджаар 900,000–1.2 сая воныг (1.9–2.6 сая төгрөг) авдаг. Гэхдээ Солонгост ч гэсэн өндөр настнуудын ядуурал 40 хувьд хүрч байгаад төр засгийн зүсгээс нь анхаарч, тэтгэврийн нэмэлт хуримтлалын бодлогыг өргөжүүлж байна.
Монголд
- Хувь хүний хуримтлалын даатгалд суурилсан шинэчлэлтэй хослуулах
- Цалингийн өсөлттэй уялдуулах
- Инфляц + бодит хэрэглээний үзүүлэлттэй уяж нэмэгдүүлэх
- Ахмадуудад зориулсан эрүүл мэндийн зардлыг даах тусгай сан байгуулах
- Тэтгэврийн зээлийн хүүг тэглэх, зээлийг дахин судалж шинэчлэх шаардлагатай байна.
Тэтгэвэрт гарна гэдэг амралт биш. Энэ бол амьдралын шинэ үе шат. Энэ шинэ шат руу ахмад үе ядуурч, өртэй, өвчтэй ордог баймааргүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ