Ц.Шинэн: Би тэмээнд хайртай, тэмээ ч надад хайртай
Монгол Улсын гавъяат малчин, Монгол улсын анхны тэмээний алдарт уяач, Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэн Ц.Шинэн гуайн хотонд очих аз тохиосон. Аймгийн заан цолтой, монгол эр хүний төлөв төвшин зан, уужуу ухаан, үг нь даацтай, үнэнг өгүүлэхийг сонсож байхдаа жинхэнэ монгол эр хүний төлөөлөл юм даа хэмээн бодож зогссон юм.
өы
Ц.Шинэн гуай хэлэхдээ “Тэмээ гэдэг бусад малаас их онцлог давуу талтай. Ган зудыг даван туулах чадвар өндөр, отор нүүдэлд ая даадаг, сүү сааль нь хүүхдийн сүүг ч орлох чадалтай. Би тэмээнд хайртай тэмээ ч надад хайртай гэж боддог юм. Мал дагасан хүн хошуу тостоно. Нар дагасан хүн даарахгүй гэж хөгшчүүдийн хэлдэг сайхан үг бий. Энэ үнэхээр үнэн үг. Би мал дагасны ач тусаар сайхан л амьдарч байна. Сүүлийн үеийн залуус малд дургүй, төв суурин газар бараадах болжээ. Гэхдээ малаа зөв маллаж, зөв арчилж хамгаалж, өсгөж үржүүлж чадвал хот сууринд амьдарснаас ч илүү амьдрах боломжтой. Мал дагаж, малаа түшиж амьдрах гэдэг агуу сайхан тавилан гэж боддог юм. Малчин хүн дөрвөн цагийн эргэлтэд малаа дагаж цаг наргүй ажиллаж байж үр дүнгээ үздэг. Няцамхай хүнд хэцүү санагдаж магадгүй ч аав ээжтэйгээ малаа түшиж, өссөн бид малаа муу хэлэх эрх байхгүй.
ыЙ
Амьдралын эрээн бараанд янз бүрийн ажил хийж ирсэн. Айл гэр болоод амьдралаа залгуулах гэж айлын малчин хийж, тууварчин болж үзлээ. Худалдаа бэлтгэлд ангид нярав хийж үзлээ. Харин зах зээл эхэлснээс мал маллаж эхэлсэн. Тухайн үед нэгдэлээс нэг өнчин ишиг ч хувьчилж аваагүй. Ер нь нэгээс 100-д гэсэн замаар л өнөөдрийг хүргэлээ. Мал болгоныг л маллаж байгаа. Одоо таван хошуу мал нийлээд 2000 гарч байна. Ер нь малтай байя гэсэн хүн олон бий. Тэдэнд захихад малаа зөв өсгөхөд, ямар нутаг оронд амьдрах вэ гэдэг их чухал. Хонь маллах боломжгүй газар хонь маллаж, тэмээ тогтохгүй газар тэмээ өсгөх гээд байж болохгүй. Төллөх үед нь хээл алдахгүй, малд ширүүн харьцаж болохгүй гээд арга ухаанаа зөв олох хэрэгтэй.
ый
Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховордож байна. Тиймээс төрдөө түмэндээ нутаг орондоо үр хүүхэддээ үлдээх юмтай, нэртэй устай хүн байхыг хүссэн юм. Миний ээж аав тэнгэрээс харж байгаа гэж итгэдэг. Тиймээс хоёр бөхтэй тэмээгээ өгсөн үржүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Өөрөө өөртөө зорилт тавьж байж өдий зэрэгтэй өсгөлөө. Та олон тэмээтэй боллоо. Мянган тэмээтэй болох боломж байна уу гэж аймаг, сум орон нутгаас санал тавьсан. Хүн надад итгэл хүлээлгэж байхад би өөртөө итгэж, мянган тэмээтэй болохыг зорьсон. Энэ жил 1119 тэмээтэй болсон гэдгээ баталлаа. Зун намрын цагт уламжлалт аргаар сүү саалиа боловсруулж, сэрүүн цагт ундаа хоормогоо төв сууринд худалдаалж байна.
бй
Тэмээ бүтэн жилийн турш сүүгээ өгдөг. Өвлийн хүйтэнд шөнө саана. Нэг хүн 20-60 ингэ саадаг. Зундаа 1-1.5 литр, өвөлдөө 500-700 гр сүү гарна. Жилдээ 200-гаад ингэ ботголдог. Ботгыг зөв авахгүй бол ботголж үзээгүй ингэ эндэх асуудал ч гарна. Мал маллах сайхан. Гэхдээ амархан биш, хүнд ажил. Хүнд ажлын хойно гарна гэдэг хамтын хөдөлмөр. Хамтын хөдөлмөрийг хань ижил, үр хүүхэд гээд олон хүний тус дэмээр л бүтээдэг юм. Ах нь таван хүүхэдтэй ихэнх нь энд байна. Тэд маань цөм их дээд сургууль төгссөн ч нутагтаа ирж ажиллаж байна. Хагас бүтэн сайн өдөр бүгд л туслана. Ганц хүү маань ХААИС төгсөж, хотоос бэртэй болсон. Хүн эхээс төрөхдөө бүхнийг сурдаггүй гэдэг. Хүн амьдралдаа юу хийж чадна, тэр хэмжээгээрээ л амьдардаг юм байна гэдгийг их сайн ойлгож авлаа” хэмээн ухаарлын үгсийг хэлсэн юм.
бй
П.Нарандэлгэр /гэрэл зургийг зохиогч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ