Ц.Мөнхбаяр нарт зүйл ангийнх нь доод хэмжээгээр ял ногдуулсан
Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн боловч иргэд олон нийтийн зүгээс үндэслэлгүйгээр ял ногдуулсан, өндөр ял оноосон зэргээр ярьж байгаа. Энэхүү хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зөв зүйлчилж, үнэн зөв, үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн болохыг Нийслэлийн прокурорын газраас мэдэгдлээ.
Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт “177.2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ. Тайлбар: Зандалчлах гэмт хэрэгт бэлтгэхэд идэвхтэй оролцсон боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, эсхүл энэ үйлдлийг таслан зогсооход идэвхтэй оролцсон бөгөөд түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар шийдвэрлэсэн аж.
Ингэхдээ Ц.Мөнхбаярт 21 жил зургаан сар, Г.Болдбаатар, Ж.Ганболд нарт 21 жил нэг сар, н.Дашцэрэн, н.Төмөрбаатар нарт 20 жил нэг сар, н.Мөнхболд хоёр жилийн хорих ял оногдуулсан. Харин тэдэнд шийтгэсэн зүйл ангийнх нь хамгийн доод хэмжээгээр ял ногдуулсан байна.
Тодруулбал, Ц.Мөнхбаяр нар нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулалттайгаар бүлэглэн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гол мөрний урсац эх бүрэлдэх усны сан бүхий газрын хамгааллатын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аас татан авахуулах буюу эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахаас татгалзуулах зорилготой. Өөрсдийн боловсруулсан хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Засгийн газрын тогтоолыг батлуулах эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахад шууд нөлөөлөх “Central tower”, Засгийн газрын II байр буюу УУЯ-ны гадна тортил буюу тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан. Мөн Төрийн ордны хашаан дотор буу сум, гранат зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн. Нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн. Ц.Мөнхбаяр Г.Болдбаатар, Ж.Ганболд нар нь н.Мөнхболдоос 2013 оны дөрөвдүгээр сард 20 ширхэг гранат, 20 ширхэг тортил зэрэг галт зэвсэг байлдааны галт хэрэгсэл худалдаж авсан, бэлтгэсэн хадгалсан. Үүнийгээ биедээ болон тээврийн хэрэгсэлээр авч явсан зэрэг үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийг шүүхээс 2014 оны 01 сарын 26-ны өдөр шийдвэрлэсэн билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ