Архины нөлөөтэйгээр нас барсан гэх дүгнэлт гарчээ
Г.Алтанхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст явуулж байгаа. Мөрдөн байцаалт дуусах шатандаа орж буй аж. Г.Алтанхүү талийгаач Ц нар нь 2013 оны VII сараас нэг гэрт амьдарч эхэлсэн байна. 2013 оны есдүгээр сард Г.Алтанхүү нь талийгаачийг зодож, хоёр хавиргыг нь хугалж биед нь гэмтэл учруулж байжээ.
S
Түүний дараа 2013 оны 11 дүгээр сарын 03-нд тэд хамтдаа караокед орж согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Гэртээ ирээд 04, 05-ны өдрүүдэд мөн архи ууж, хувийн таарамжгүй харьцаанаас болон Г.Алтанхүү 11 сарын 05-нд талийгаачийг дахин зодсон байна. Энэ өдөр тэдний гэрт ирсэн гэрчийн мэдүүлгээр талийгаачийн биед гэмтэл учирсан, архи уусны дараах хордлогын шинжтэй байжээ. Тэгээд 11 дүгээр сарын 06-13 хүртэл буюу талийгаачийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдэх өдрийг хүртэл талийгаач ажилдаа явахгүй гэртээ байсан аж. Энэ мэт мэдээлэл хэрэг мөрдөн байцаах ажиллагааны явцад илэрчээ.
S
Мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор гурван удаа шинжээчийн дүгнэлт гарсан ба эдгээр дүгнэлтээр талийгаачийн нас барсан шалтгаан үндсэндээ тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар: “Архины гаралтай элэгний эдийн үхжил үүсч, эмгэг жамын үйл явц явагдах хугацаанд цөсний суваг хүүдийн хананд гэмтэл үүсч улмаар цөс шүүрч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтож, олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэжээ.
S
Мөн энэ дүгнэлтээр талийгаачийн биед урьд нь учирсан гэмтэл буюу хоёр хавирганы хугарал, тухайн цаг хугацаанд буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой олон тооны хөрөл, зулгаралт байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Зөвхөн шинжээчийн дүгнэлт гарснаар хэрэг шийдэгддэггүй учир мөрдөн байцаалтын ажиллагаа цаашид үргэлжилж, Г.Алтанхүүгийн талийгаачийн биед учруулсан гэмтэл нь талийгаачийн үхэлтэй холбоотой эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж.
S
Талийгаач архинаас болж нас барсан буюу талийгаачийн үхлийн шалтгаанд Г.Алтанхүү холбогдолгүй нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан бусад зүйл ангиар шийтгэх боломжтой байна. Г.Алтанхүү нь талийгаачийг хоёр удаа зодож гэмтээсэн нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоод байгаа юм байна.
s
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ