“Сочи-2014” паралимпийг зорих баг төрийн далбаагаа гардлаа

img

“Сочи-2014” өвлийн паралимпийн XI наадам эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Энэ удаагийн Паралимпийн өвлийн наадамд 47 улсын 1600 тамирчин 72 багц медалийн төлөө спортын таван  төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Өвлийн паралимпийн наадамд пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд эрхээ авч, дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамтаар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна. Тэрбээр гүйлтийн цанын LW 6 босоо ангилалд оролцох ба гуравдугаар сарын 10-нд 1 км-ын ойрын зайд, 12-нд 10 км-т сонгомол техникээр, 16 буюу хаалтын өдөр 20 км-т тэших техникээр уралдана.

Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Сочи-2014” өвлийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргаж, Төрийн далбаа,  тэмцээн болон бэлтгэлийн үед өмсөх хувцас, хэрэглэлийг гардуулан өглөө.

Харин “Сочи-2014” өвлийн паралимпийн наадамд оролцох багийн нээлт, хаалтын арга хэмжээний ёслолын хувцасыг “Говь” ХК урлан хийж энэ сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. Энэхүү ёслолын хувцасны загварыг тус компанийн дизайнер Б.Болормаа ба Монгол улсын төрийн далбааны өнгөний хослолыг ашиглан бүтээсэн.

Энэ удаагийн өвлийн паралимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн ахлагчаар Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, дасгалжуулагч Ж.Дашдондог, техникийн  дасгалжуулагчаар Н.Сандагдорж, тамирчин Б.Ганболд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр МҮОНТ-ийн сурвалжлагч Д. Батжаргал нар явах юм. Мөн Олон улсын Паралимпийн Хорооны урилгаар хүндэт зочноор  Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү оролцох юм байна.

Манай улс 2006 онд Итали улсын Турино хотноо зохиогдсон Өвлийн Паралимпийн наадамд анх оролцож байсан бол  “Ванкувер-2010” өвлийн Паралимпийн наадамд тамирчин Н.Сүхбаатар, Э. Зориг, дасгалжуулагч Н. Сандагдорж нар оролцож байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol eej:
тамирчиндаа амжилт хүсье. эх орон чинь хамт шүү!!!
2014-03-01