Nana Kwame Abrokwa: Монголчууд яагаад цайвар өнгийн машин унадаг юм бэ?
“Too much heaven”, “Remember the time”, “Lonely”, “Dreams” дуугаараа дэлхийн од болсон Германы реппер, DJ Nana Kwame Abrokwa өнөөдөр Монголд иржээ. Учир нь тэрбээр маргааш буюу гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод “Remember the Time” тоглолтоо хийх юм. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо ийнхүү Монголоос эхлүүлэхээр болсон байна.
Тэгвэл өнөөдөр “Remember the time” тоглолтыг зохион байгуулагчид тоглолттой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд алдарт дуучин DJ Nana Kwame Abrokwa, түүний менежер Стина Теллер болон ая зохиогч Б.Долгион нар оролцож, сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулсан юм.
Энэ үеэр DJ Nana “Би монголд тоглолтоо хийхийн тулд танай орны талаар маш их судалдсан. Монголчууд та бүхэн их найрсаг, сайхан харилцаатай хүмүүс шиг санагдаж байна. Бас та бүхний ярьдаг монгол хэл үнэхээр сонсголонтой сайхан хэл юм” хэмээн анхны сэтгэгдлээ хуваалцлаа. Түүнчлэн, тэрбээр “Надад танай улсын нэг зүйл их сонирхолтой санагдаж байна. Би Улаанбаатар хотыг хамгийн өндөр дээрээс харж болох өрөөнд буудалласан. Өрөөнийхөө цонхоор харж байхад монголчууд та бүхний унасан автомашины дийлэнх нь цагаан, саарал өнгөтэй байх юм. Монголчууд яагаад цайвар өнгийн машин унадаг юм бэ? гэж асуумаар байна” гэсэн юм. Харин түүний энэхүү асуултад ая зохиогч Б.Долгион “Монголчууд бид эрт дээр үеэс цагаан сүүг бэлгэдэлээ болгож ирсэн. Ийм ч учраас унах автомашиныхаа өнгийг цайвар өнгөөр сонгодог” хэмээн хариулсан юм.
Сонирхуулахад, DJ Nana Kwame Abrokwa монголд гурав хонох юм байна. Тэрбээр өнөөдөр монголын түүх дурсгалын газруудад зочилж, амарч өнжих аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ