Украины арми байлдааны бэлэн байдалд шилжсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү шийдвэрийг өчигдөр Үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалахын зөвлөлөөс гаргасан хэмээн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Олександр Турчинов “Ukraine TV” телевизээр орон даяар мэдэгджээ. Арми байлдааны бэлэн байдал зарласантай холбогдуулан атомын цахилгаан станцууд, нисэх буудал, гал тэрэг болон стратегийн байгууламжуудыг хамгаалалтад авч эхэлжээ. Олександр Турчинов “Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол шалтгаан нь Оросын талаас гаргасан шийдвэрээс үндэслэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, байлдааны бэлэн байдалд шилжсэн. Бид бүгд Украинчууд улсаа хүрээлэн нэгдэж, өдөөн хатгалт, дээрэм тонуул, халдлагыг тэвчиж эв нэгдэл, итгэл үнэмшлэлээ хадгалах ёстой” хэмээн мэдэгджээ.
1
Батлан хамгаалахын сайд Игорь Тенюх “Манай зэвсэгт хүчин Үндсэн хуулийн үүргээ гүйцэтгэх чадвартай” гэж мэдэгдээд “Өчигдөр Оросын талтай хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд Крымын байгууламжуудыг бүслэлтийг сулруулж, Украины армийнхныг нэвтрүүлж эхэлсэн” хэмээжээ.
1
Харин Хятадын төв хэвлэл “Синьхуа” агентлаг “ОХУ-ын тээврийн нисэх онгоц, нисдэг тэрэг, хэдэн мянга цэрэг Украины Крымд нэвтэрч, бүсэлж эхэлсэн. Хуягласан цэргийн техник гол замуудыг хяналтдаа авснаас гадна нисэх онгоцны буудлуудад Оросын цэргүүд хамгаалалтад гарч эхэлсэн. Мөн Крымд байлдааны онгоцууд хүртэл үзэгдэх болсон” гэж бичсэн байна.
1
НҮБ-аас ОХУ-ыг буруутгалаа
1
Украины асуудалд хөндлөнгөөс тэр тусмаа цэрэг зэвсгийн хүчээр оролцож байгаа Оросын энэ шийдвэрт барууны орнууд ихэд эмзэглэж буйгаа мэдэгдлээ. НҮБ-аас Киевт суугаа элчин сайд ийнхүү гадны орны цэрэг бусдын хилийг дураар нэвтрэн орох нь хууль бус явдал. Виктор Януковичийг суудлаасаа буугаад удаагүй буй энэ үед орон нутгийн байдлыг хурцатгах эрсдэлтэй гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үүнтэй холбоотойгоор дипломат арга замаар асуудлыг шийдэхийг уриалж, Ардчилсан оронд хүч хэрэглэж буй Орос болон Ерөнхийлөгч Путиныг буруутгаж, харамсч буйгаа илэрхийлжээ. “НАТО”-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “Нэн тэргүүнд Крым дэх хурцадмал байдлыг намжаах шаардлагатай байна” хэмээн “twitter” хуудаснаа жиргэжээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөл Украины асуудлаар хуралдаан зарласан бол “НАТО”, Европын холбоо маргааш уулзаж, хуралдахаар болжээ.
1
Ерөнхийлөгч Обама анхааруулга өгөв
1
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украинд цэрэг зэвсгээр нөлөө үзүүлвэл хариуг нь барина хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Украин бол бие даасан улс. ОХУ-ын талаас өдөөн хатгасан энэхүү үйлдлээ нэн даруй зогсоохгүй бол Америк улс хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна” гэжээ. Тус мэдэгдлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Обамад хандан “Орос улс хөрш орондоо ямар шийдвэр гаргах нь Америк болон Обама танд ямар ч хамааралгүй” хэмээжээ.
1
Путин, Обамагийн яриа үр дүнгүй болжээ
1
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин АНУ-ын Ерөнхийлөгч Обаматай 90 минутын турш утсаар ярьж, ОХУ Украин дахь өөрийн болон орос хэлээр ярьдаг Украины иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэх бүрэн эрхтэй гэдгээ хэлсэн талаар эх сурвалж мэдэгдлээ. Мөн Путин “хэзээ ч дэлбэрч болзошгүй тэсрэх бөмбөг шиг байдалд буй Украины хамгийн аюултай бүс нутаг болох Крымд мөргөлдөөн эхлэх л юм бол зогсоох аргагүй болно” хэмээжээ. Харин Обама “Украины Засгийн газар болон олон улсын эвлэрүүлэн зуучлагч байгууллагуудын оролцоотойгоор асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэж болно” гэжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Тэд утсаар хангалттай удаан хугацаанд ярилцсан ч үр дүнд хүрээгүй” гэжээ.
1
Европын орнууд ОХУ-ыг эсэргүүцэж байна
1
АНУ-ын Ерөнхийлөгч Обама мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Төрийн Думын дээд танхим дургүйцлээ илэрхийлэн АНУ-аас Элчин сайдаа татах хэрэгтэй гэсэн санал гаргажээ. ОХУ-ын парламент Украинд цэрэг оруулах Путиний санаачилгыг дэмжиж батласны дараа Киев армиа байлдааны бүрэн бэлэн байдалд шилжүүлсэн гэх мэдээлэл дэлхий даяар цацагдсан. Уг мэдээллийн дараа Европын хэд хэдэн томоохон хотод Орос болон Путиний болчимгүй шийдвэрийг эсэргүүцэн жагсч, ОХУ-ын төрийн далбааг шатаажээ.
1
Виктор Янукович мэдэгдэл хийлээ
1
Долоо хоногийн өмнө эх орноо орхин гарсан тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-аас мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Би одоо хүртэл Украин улсын Ерөнхийлөгчийн байр сууринд хэвээр байгаа. Эх орноосоо дүрвэн гарсан гол шалтгаан нь амь насанд минь санаатайгаар заналхийлэх гэж оролдсоноос болж энэ алхмыг хийсэн. Украинд өрнөж буй эмх замбараагүй байдлын төлөө ард түмнээсээ уучлалт гуйж, дахин эхнээс нь хийх боломж олгохыг ард түмнээсээ хүсч байна. Хэрвээ миний аюулгүй байдлыг хангах юм бол Украинд өнөөдөр ч очих боломжтой” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг