“Буянт Ухаа 1”-ийн нарийвчилсан журам энэ долоо хоногт гарна
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах “Буянт Ухаа 1” хөтөлбөрийн журмыг баталж, тус хорооллын орон сууцны захиалгыг энэ долоо хоногийн эхээр авах талаар ярьж байсан. Харин ТОСК-оос Засгийн газрын журмаар зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах, нарийвчилсан журмыг гаргах ёстой. Гэсэн хэдий ч ТОСК-ийн “Буянт ухаа 1” хорооллын орон сууц худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулах, дотооддоо мөрдөх журам хараахан гараагүй байгаа аж.
Энэ талаар ТОСК-оос тодруулахад “Бид журмыг баталж гаргахаар амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад журмаа баталж, олон нийтэд зарлана” гэлээ. Мөн ТОСК иргэдийн захиалгыг цахимаар авах юм байна. Ингэснээр 1мкв-т нь 1 сая 280 мянган төгрөг буюу үнийн хувьд зах зээлийн ханшаас доогуур үнэтэй "Буянт-Ухаа 1" хорооллоос байр авах иргэд ТОСК-ийг зорих шаардлагагүй юм байна.
Эхний ээлжинд 1764 айлын орон сууцанд захиалга авах аж. Тус хорооллоос байр авах хүсэлтэй иргэд арилжааны аль ч банкнаас зээл авах боломжтой бөгөөд урьчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх шаардлагатай юм.
“Буян Ухаа 1” хорооллын нэг өрөө байр нь 33.47м2, 39.47м2, 42.32м2, хоёр өрөө байр нь 33м2, 49.72м2, 51.78м2, гурван өрөө байр нь 66.88 м2-ийн сонголттой юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ