Д.Сонсголмаа: Ерөнхий боловсролын сургуулиуд орчмын аюултай бүсийг тогтооно

img

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Замын цагдаагийн тасаг хамтран "Зураглал" сэдэвт хэсэгчилсэн арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж эхлээд байна. Тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын орчмын аюултай бүсийг тогтоож, хүүхдүүдийг зам тээврийн осол болон гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ талаар Хан-Уул дүүрэг дэх ЗЦТ-ийн Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Д.Сонсголмаагаас тодрууллаа.

- Өнөөдрөөс эхэлсэн арга хэмжээнийхээ талаар тодруулахгүй юу?

- "Зураглал" сэдэвт нэгдсэн арга хэмжээг Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх сарын 10-ны өдөр дуусах юм. Энэ арга хэмжээ нь хүүхдүүдийг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулиудад хичээл сургалт явуулж, тухайн сургуулийн орчмын аюултай бүсийг тодорхойлох юм.

Дүүргийнхээ хүүхдийн байцаагчтай хамтран аль замаар явбал гэмт хэрэг зөрчилд өртөхгүй, автомашинд мөргүүлэхгүй явах, бүр цаашилбал хүүхэд явдаг замын цас, мөсийг арилгах, нохойнд уруулахгүй, хүүхдэд зодуулахгүй аюулгүй орчин, нөхцөлийг нь бүрдүүлэх юм.

- Хан-Уул дүүрэгт Ерөнхий боловсролын хэдэн сургууль байдаг, хүүхдүүд нь осолд өртөх магадлал өндөртэй, замтай ойрхон сургууль хэд байна?

- Манай дүүрэгт Ерөнхий боловсролын 14 сургууль байдаг. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй нь 75 дугаар сургууль. Учир нь баруун, зүүн, урд гурван талаар нь автомашин замтай. Манай дүүргийн хувьд зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдийн тоо буурсан. 2009 онд нийт 46 хүүхэд зам тээврийн осолд өртөж байсан бол 2010 онд 34 болж, 26,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдийн тоо ч буурсан. Тодруулбал, 2009 онд 46 хүүхэд гэмтэж байсан бол 2010 онд 36 болсон үзүүлэлт харагдаж байна. Харин ослын улмаас хоёр хүүхэд нас барсан.

- Хүүхдүүд осолд өртөж байгаа шалтгаан нөхцөл юу байна?

- Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг үзвэл 27 нь явган зорчигчийн өөрсдийнх нь буруугаас, ес нь жолоочийн буруугаас гарсан байгаа юм. Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, хандлага муу байна.

- Танай дүүрэг дээр бага насны хүүхдүүдийг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байга вэ?

- Хоёр жилийн өмнөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудын орчим багш, нийгмийн ажилтан, ахлах ангийн хүүхдүүдийг нь ажиллуулж, бага насны хүүхдүүдийг аюулгүй зам хөндлөн гаргаж өгч байна. Явган хүний гарц дээр хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтан ажиллуулж байгаа. Мөн сургууль цэцэрлэгүүдэд дүрмийн хичээл сургалт тогтмол явуулдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ