Бондын 888
666 гэж нэг муу ёрын тооны билэгдэл байдаг тухай кино бий. Харин 777 гэдэг аз олзын тоо байдгийг Сөүлийн казинод од шүүрэхээр эргэлддэг манай хэд сайн мэднэ. Харин энэ хавраас 888 гэдэг тоо монголыг хөгжүүлэх түлхүүр болж тун магадгүй гэнэ. Засгийн газраас зарласан экспортыг дэмжих, импортыг орлох нийт 1151 төслөөс 888 төсөл шалгарч мөнгө санхүүжилтээ авах дээрээ тулж иржээ. Төслийн санхүүжилтийг 5 сараас олгож эхэлнэ гэж Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат мэдэгдсэнийг харахад энэ билэгдэлт 888 төсөл үндсэндээ шийдэгдчихсэн юм шиг байна.
5
Шалгарсан төслийн тооны нийлэмж ч янзтай 888. Энэ нь нэлээн сайн бодсон билэгдэл зангидсан тоо тул ийн жагсааж 889 дэх төсөл хөөрхий хоншоороороо таслуулсан ч байх магад. Манайд чинь заримдаа юу хийх нь чухал биш юуг билэгдэж байгаа нь чухал байх нь их. 888 төслийн 131 нь экспортыг дэмжих бөгөөд 1.036 тэрбум төгрөгийн зээл, 757 нь импортыг орлох бөгөөд 3.150 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Нийт төсөл хэрэгжвэл 39 мянган ажлын байх шинээр бий болж, дунджаар 55 сарын хугацаанд өртгөө эргүүлэн нөхөх аж. Санхүүжилтийн нийт дүн 7.3 их наяд төгрөг. 888-төслийнхөн /Засгийн газар ингэж нэрлүүлэхийг хүссэн байх/ 4.2 их наяд төгрөгийг буюу үнийн дүнгийн 57 хувийг Засгийн газраас хүссэн ба үлдсэн 3 их наяд гаруй төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө босгоно гэжээ.
5
2011 онд хийсэн тооллогоор Улсын хэмжээнд нийт 66.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага, үүний дотор 56.4 мянган аж ахуйн нэгж, 4 мянган төсөвт байгууллага, 6 мянган төрийн бус байгууллага байна гэж гарч байсан. Энэ тоонд харьцуулж үзвэл хувийн хэвшлийнхэн төсөлд тийм ч өргөн хамрагдаагүй юм шиг. Гэхдээ олон ААН хамрагдах нь чухал биш гэвэл төслийн чанар хэр байх вэ, эргээд эдийн засагт ямар эерэг орчин бий болгох вэ гэсэн асуултыг иргэд тавина. Төслүүдийг салбараар нь авч үзвэл экспортын чиглэлийн ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн салбарын 16 төсөл нийт 626 тэрбум төгрөг, коксжих нүүрс, биотүлш зэрэг хүнд үйлдвэрийн салбарын 4 төсөл 169 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн байдлаар тусжээ.
6
Харин импортын чиглэлийн барилгын материалын үйлдвэрийн салбарын 210 төсөл 1 их наяд 655 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Үүнээс цементийн 11 үйлдвэр 784.2 тэрбум төгрөгийн, метал хийцийн 32 төсөл 315 тэрбум төгрөгийн зээл хүссэн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Үүнийг дэмжсэнээр барилгын үндсэн материалын импорт багасч дотооддоо үйлдвэрлэн нийлүүлснээр орон сууцны үнэ буурах суурь тавигдана гэсэн найдлагыг тавьж болохоор юм. Харин ашигт малтмал боловсруулах 626 тэрбум төгрөг утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төсөл шиг салхинд цацсан мөнгө болохгүйн тулд хаана хаанаа тооцоотой судалгаатай хөдлөх ёстой. Учир нь энэхүү төслүүдийг санхүүжүүлж байгаа мөнгө нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөж байгаа бондын мөнгө гэдгийг цацаж байгаа төр, тосч авч байгаа төсөл хэрэгжүүлэгч нар сайн ойлгож ажиллаж байж үр дүнтэй төгсгөл хийх юм.
6
Төслүүдийн санхүүжилтийг 5 дугаар сараас олгож эхэлнэ хэмээн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат албан ёсоор мэдэгдлээ. Зээлийн нөхцөл нь 5 жил хүртэлх хугацаатай, жилийн 9 хувиас ихгүй хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх юм байна. Засгийн газрын бондны эх үүсвэр буюу Хөгжлийн банкнаас 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийх бол Монголбанк, арилжааны банкууд, Хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж, үлдсэн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж байна. Нүсэр оролцоотой босож байгаа 888 төсөл гараан дээрээ иржээ.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ