МАН мөнгөөр дутахгүй
Улс төрийн намууд парламентад олонхи болж чадсан нь эрх баригч болж, цөөн суудалтай нь сөрөг хүчин болдог. Эрх баригч намд улс орны хувь заяа төсөв санхүүтэйгээ хамт атгаастай байдаг бол сөрөг хүчинд ч гэсэн зөвхөн суудлын тооноосоо хамааран мөнгө санхүү хуваарилагдан орж ирдэг. Гэхдээ эрх баригчид л мөрөөдлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Тийм ч учраас тэд улсын эрдэнэсийн санг захиран зарцуулах эрх бий. Өнөөдөр МАН парламентад сөрөг хүчин байна. Сөрөг хүчний зовлон их байдаг л даа. Өргөн барьсан төсөл нь тэр бүр парламентаар хэлэлцэгдээд байхгүй, хэлэлцэгдлээ гэхэд дэмжигдэхгүй гээд. Цаашлаад намын чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахад төсөв санхүү хүрэлцэхгүй гэх мэт. Гэхдээ МАН-ынхан өнөөдөр тартагтаа тулчаагүй байна. Угийн ч баян нам гэх гуншинтай л даа. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад “мөнгөгүй, төсөв хүрэлцэхгүй” гэх жижүүрийн үгийг хэлж байвч, хэдэн зуун саяар нь л зарлагдсан байх юм.
6
Хэдхэн хоногийн өмнө МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намын залуу боловсон хүчин, залгамж халаа болсон НАМЗХ-ны YI бага хурлын үеэр намын төсөв санхүү хүндхэн байгааг дуулгасан гэнэ. Тэрээр хэлэхдээ “Намын нарийн бичиг гэдэг чинь намын санхүү, гал тогоог хариуцсан хүн байдаг юм байна. Намын санхүү хүндхэн байгаа нилээн ч өр шир байна. Зовлон тоочоод яахав, бүгдээрээ л адилхан зовлонтой улс чинь үйл ажиллагаануудаа хамтын сайхан сэтгэлээр давж гарч байна. Нам хэдийгээр сонгуульд ялагдсан ч гэсэн НАМЗХ-ын баг хурлынх нь үйл ажиллагаанд 5 сая төгрөг хандивлаж байна. Цаашдын үйл ажиллагаанд нь санхүүгийн дэмжлэгийг нь өгч ажиллана” хэмээжээ.
6
Тэгтэл төсөв нь хүндхэн байгаа МАН-ын залуу халаа болсон НАМЗХ нь 2013 онд үйл ажиллагаандаа 200 гаруй сая төгрөг зарлагдсан хэмээн тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ гишүүддээ тайлагнасан гэнэ. Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа хойно төсөв, зардал гарах нь аргагүй. Ямартай ч НАМЗХ –ны 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 48 сая гаруй төгрөг, залуучуудын талаарх төрийн бодлогын хүрээнд 26 орчим сая төгрөг, ажилчдын цалин хөлс зэрэгт 28 сая төгрөг зарлагджээ. Хамгийн өндөр зарлагыг “Алтан сарнай-2013”-д зориулсан гэнэ. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд салбар салбарын шилдэгийг тодруулдаг тус наадамд харин 100 орчим сая төгрөгийг зарлагдсан хэмээн тайлагнасан байна.
6
МАН хэдийгээр сөрөг хүчин болсон ч гэсэн төсөв санхүү дээрээ сүйрчих болоогүй. “Буурлын буян” гэгчээр үе үеийнхны хурааж хуримтлуулсан хур хөрөнгө нэлээдгүй байгаа бололтой. Тэгээд ч тус намын залуучуудын холбоонд манай шинэ цагийн баячуудын хүүхдүүд, өөрөөр хэлбэл өв залгамжилагчид багтдаг. Тэд өвлөн авсан бизнесийнхээ ашгаас хэдэн саяар нь намдаа шидсэн ч хотойхооргүй. Өв залгамжлагч үндэс угсаагаа улс төрд бэлтгэхийн тул манай баячууд намдаа, ялангуяа сонгуулийн үеэр бол хэдэн тэрбумаар нь мөнгө хандивласан байдаг. Харин хандивийн ард мэдээж нам нь үр хүүхдийг нь улс төрд бэлтгэх, цаашлаад томоохон сайд, улстөрчийн суудалд суулгаж хариу барьдаг нь нууц биш шүү.
6
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ