Сурагчид үйлдвэрүүдтэй танилцлаа

img

Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбар үүсч хөгжсний 80 жилийн ой энэ сард тохиож байгаа. Энэ хүрээнд ҮХААЯ, Монголын ноос ноолуурын холбооноос “Мэргэжил бүхэн сайхан” нэртэй гурван үеийн уулзалт, танилцах аяллыг өнөөдөр зохион байгууллаа. Танилцах аялалд нийслэлийн ЕБС-уудаас нийт 60 шилдэг сурагчийг 3 хэсэгт хуваан, “Говь” ХК, “Гоёо” ХХК, “Ээрмэл” ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Мөн энэ үеэр сурагчид салбарын ахмад инженерүүд болон үйлдвэрийн ажилчидтай санал солилцож, уулзалт хийх юм байна.

Энэ талаар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр олон хүүхдүүд элсч ордог ч 10 хүрэхгүй нь л сургуулиа төгсдөг. Тиймээс энэ чиглэлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарах цаг болсон. Бид энэхүү танилцах аяллаараа хүүхдүүдэд энэ мэргэжлийн сайн сайхныг нүдээр харуулах зорилготой зохион байгуулж байна” гэлээ.

ҮХААЯ-аас 3 дугаар сарын турш хөнгөн үйлдвэрийн дэд салбар тус бүрт болон “Шинжлэх ухаан-Хөнгөн аж үйлдвэр” нэртэй нэгдсэн онол практикийн бага хурал, салбарын урлагийн наадам, дэд салбаруудын үйлдвэрүүдийн хоорондох спортын тэмцээн зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цаашид бүтэн жилийн турш хөнгөн үйлдвэрийн салбарын 80 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудыг зохион байгуулахаа салбарынхан мэдэгдлээ.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ