Харангын Лхагваагийн тоглолт ийм л байх ёстой
“Тал хээр байсан болохоороо уулс ургажээ ээжээ
Та минь байсан болохоороо би ургажээ ээжээ
Ээжээ ээж минь дээ, Ээжээ ээж минь дээ
6
Сэтгэлийн хайлан ээжээ ээж минь дээ... хэмээн уянгалаг намуухан аялгуутай, утга төгөлдөр шүлгээс бүтсэн дууг, урт үс, хар хослолтой рок дуучин чадалтай, цээлхэн хоолойгоор дуулж, үзэгчдийг уянга, ухаарлаар бүүвэйлнэ.
6
Харангын Лхагваагийн “Монгол ээж” тоглолт үргэлжилж, тэрбээр монгол ээжүүдийг магтан дуулж, ээжийн тухай есөн уран бүтээлээр дуун цацал өргөсөн. Түүний шинээр сэргээн дуулсан “Эхийн ач”, “Эхийн тухай дуу” зэрэг монгол ардын болон 1970-80-аад оны үеийн нийтийн дуунууд, “Монгол ээж” зэрэг дууг танхим дүүрэн үзэгч найранд түрлэг өргөх мэт даган дуулж байсан юм.
6
Тоглолтын дараагийн хэсэгт шилжиж, Х.Лхагвасүрэн хайрын тухай дуулж эхэллээ. Тэрбээр “Хайр”, “Хайртай гэхээсээ өмнө”, “Сар шиг хол нутаг” зэрэг хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлээр үзэгчдийн мэлмий, сонорыг мялаасан. Түүний ард хамтлагийнх нь хөгжимчид, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, морин хуурчид тоглосон. Мөн зөвхөн гитартай буюу Өөжгийтэй гоцлосон. “Монгол ээж” тоглолт жинхэнэ амьд тоглолт, амьдаар дуулах гэдгийг, морин хуурын түрлэгийг хэрхэн амьд хөгжимтэй хослуулж, хийморийн, Монголын, морины тухай дуулахыг харуулсан. Харин үзэгчид Харангын Лхагваагийн тоглолт ийм л байх ёстой мэт хүлээж авсан. Үүнээс муу бас сайн ч гэж байхааргүй мэт санагдсан.
6
Тэр уянгын рок дуугаараа үзэгчдийг уярааж, ухааруулж, дуулуулж, суудлаасаа босч бүжиглэхэд хүргэсэн. Элдэв өнгийн чимэггүй, улаан хивс дэвссэн дөрвөлжин тайзан дээр хар шил, хар хослолтой Лхагваа микрофоноо өргөн дуулж, үзэгчдэд хандан хөгжилтэй зүйл ярьж, хаяадаа “хайрт хадам ээж минь тэнд байна уу?” гэж индэрийн зүг саравчлан байх нь энгийн бөгөөд гайхалтай байсан.
6
“Монгол ээж” тоглолтын нэгэн чимэг нь Х.Лхагвасүрэнгийг бэр дүү СТА дуучин Х.Оюунбилэг, худ МУГЖ Т.Ариунаа нар байлаа. 25 жилийн дараа циркийн алтан манежнаа гарсан дуучин Х.Оюунбилэг “Чамайг тоссон зам” дуугаа дуулж, үзэгчдийг багагүй хөгжөөв. Харин МУГЖ Т.Ариунаа “Ижий минь байвал жаргалтай” дууг гитараас өөр хөгжимгүй дуулж бүрдүүлсэн аниргүй орчноо цоглог аяс, хөнгөн хөгжимтэй дуугаар эвдээд үзэгчдийн дахиулах алга ташилтад “баярлалаа” гэдэг хариу өгөөд тайзны араар орсон.
6
Х.Лхагвасүрэнгийн хэлснээр “25 жилийн түүхт хайрт Харанга хамтлаг”-тайгаа “Ээждээ”, “Амьддаа бие биенээ хайрла” гэх 1993 онд Улсын циркийн манежинд дуулж байсан дуугаа толилуулсан. Одоогоос яг 24 жилийн өмнө “би насаараа та нартай хамт дуулж чадна” гэдэг амлалтыг “Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлайд өгч, тус хамтлагийн дуучин болж байсан Хатанбаатарын Лхагвасүрэн өчигдөр бие даасан “Монгол ээж” тоглолтоо ийнхүү толилууллаа. МУСТА дуучин Х.Лхагвасүрэн цуцашгүй цээлхэн хоолойгоороо монгол ээжүүдийгээ “Оддын тоогоор наслаасай” хэмээн дуулж, гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн тоглолт өндөрлөсөн. Энэ үед фенүүд нь түүнийг Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх цол хүртэх болов уу гэх битүүхэн горьдлого тээж байсан нь үзвэрийн танхимаас гарахдаа ярилцсан тэдний ярианаас мэдрэгдэж байв.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ