Вьетнамын гаалийн байгууллага авлигатай салбарыг тэргүүлжээ
Дэлхийн банк болон Вьетнамын Бизнес форумын тайланд дурдсанаар Вьетнам Улсын Засгийн газрын хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд хамгийн их авлигад автсан нь гаалийн байгууллага болохыг онцолсон байна.
Тус тайланд дурдсанаар “асуудлыг хурдан шийдвэрлүүлэхийн тулд нийт бизнес эрхлэгчдийн 63 хувь нь албан бус төлбөр төлдөг аж. Мөн гаалийн үе шатыг багасгах, гаальчидтай харилцаагаа хэвээр нь хадгалахын тулд бизнес эрхлэгчид гаальчдад “тослогооны төлбөр”-т хээл хахууль өгдөг гэжээ. Ийнхүү гаальчид төлбөр авснаараа гаалийн мэдүүлгийг буруу бөглөх, хориотой бараа импортлох, хууль бусаар хилээр нэвтрүүлэх зэргийг хийдэг байна.
Энэ судалгаанаас өмнө 2012 оны 11 дүгээр сарын сүүлээр тус улсын засгийн газар мөн Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан судалгаагаар авлигад хамгийн их автсан дөрвөн салбарын нэгээр гаалийн байгууллага шалгарч байжээ. Сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор тус улсын олон тооны гаальчдад шийтгэл ногдуулаад байгаа юм. Тухайлбал, нэг аж ахуйн нэгжээс хээл хахуульд 1.5 тэрбум вьетнам дон авсан “Muong Khuong” дахь гаалийн дарга асан Тран Мин Тоунгад 2013 оны 6 дугаар сард шүүхээс 20 жилийн хорих ял, Нгуен Ван Чоунгод 12 жилийн хорих ял тус тус ногдуулсан байна.
Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд олон төрлийн шалтгаанаар 295 гаальчинг шалгаж хариуцлага тооцжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ