Махны үнэ 300-1000 төгрөгөөр нэмэгджээ
Нийслэлийн хүнсний томоохон захуудад энэ долоо хоногт махны үнэ дунджаар 300-1000 төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Хархорин” захад үнэ нь кг тутамдаа ойролцоогоор 500-900 төгрөгөөс өсчээ. Өнөөдрийн байдлаар дээрх захуудад үхрийн ястай мах кг нь 8000-10000 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн цул махын тухайд ч өмнөх долоо хоногоосоо 500-800 төгрөгөөр Улаанбаатарын хүнсний захуудад үнэ нь өсчээ. Жишээ нь, долоо хоногийн өмнө “Бөмбөгөр” дээр нэг кг үхрийн ястай мах 9800 төгрөг байсан бол өнөөдөр 10500 төгрөг болжээ. Мөн гадныхан ихээр үйлчлүүдэг “Меркури” худалдааны төвд үхрийн ястай мах 7 хоногийн өмнөхөөс кг тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэж, 12500 төгрөг болжээ.
Харин хонины ястай махны тухайд “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури” захуудад 300-600 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар кг нь 8500-9800 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Түүнчлэн “Баянзүрх” худалдааны төвд адууны мах өмнөх долоо хоногоосоо 500 төгрөгөөс өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ