11 иргэн, хуулийн этгээдэд 3,4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
МХЕГ-ын даргын тушаалаар 21 аймаг, нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Хяналт шалгалтын явцад хаяг шошгын зөрчилтэй 12266 ширхэг архийг битүүмжилж, “Их монгол”, “Буудай” зэрэг 21 нэр төрлийн архинаас 151 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Мөн архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй ААНБ-ууд, эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, 20 аж ахуйн нэгжид 54 заалт бүхий 20 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгчээ. Түүнчлэн хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд 3.416.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн 6 үйлдвэр/, согтууруулах ундаа худалдаалдаг, үйлчилгээ эрхэлдэг 5078 газар, 127 эм ханган нийлүүлэх байгууллага, 260 нийтийн үйлчилгээтэй эмийн сан, 19 эмийн үйлдвэр, 81 эмнэлэг, эрүүл мэндийн төв, долоон аймгийн эрүүл мэндийн газар төлөвлөгөөт бус хяналт шалгалтад хамрагджээ.
Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд, худалдааны байгууллагуудад худалдаалагдаж байгаа 21 нэрийн архи, согтууруулах ундаа нь хаяг шошгын зөрчилтэй буюу орц найрлага, гаж нөлөө, хориглох заалт, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл, санамж, эрүүл мэндийн анхааруулга зэргийг тэмдэглээгүй байжээ. Мөн “Шинэ эхлэл”, “Хээр адуу”, “Морьт хангай”, “Тэргүүн трейд”, “Хярын нуур” зэрэг үйлдвэр “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага, техникийн ерөнхий шаардлага стандарт, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль зэргийг зөрчсөн нь илэрчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ