Б.Ганболд өнөөдөр уралдана
“Сочи-2014” өвлийн паралимпийн XI наадам энэ сарын 7 буюу өнгөрөгч баасан гарагт эхэлсэн. Энэ удаагийн Паралимпийн өвлийн наадамд 47 улсын 1600 гаруй тамирчин 72 багц медалийн төлөө спортын таван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Өвлийн паралимпийн наадамд пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Манай тамирчны хувьд гүйлтийн цанын LW 6 босоо ангилалд оролцох ба өнөөдөр 1 км-ын ойрын зайд уралдана. Уралдаан Улаанбаатарын цагаар 14:03 цагт эхлэх ба энэ зайд 12 орны 20 тамирчин хурд сорих аж.
Тэрбээр мөн энэ сарын 12-нд 10 км-т сонгомол техникээр, 16 буюу хаалтын өдөр 20 км-т тэших техникээр уралдах юм. Түүний дасгалжуулагчаар Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж ажиллаж байгаа билээ.
Манай улс 2006 онд Итали улсын Турино хотноо зохиогдсон Өвлийн Паралимпийн наадамд анх оролцож байсан бол “Ванкувер-2010” өвлийн Паралимпийн наадамд тамирчин Н.Сүхбаатар, Э. Зориг, дасгалжуулагч Н. Сандагдорж нар оролцож байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ