Баярын сагсанд “Монгол” багтсангүй
Өнгөрөгч амралтын өдрүүдээр эмэгтэйчүүдийн эрхийн өдөр тохиож үүнийг бид сурсан заншлаар баяр болгон хөлтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр үндэсний үйлдвэрлэгч нарын болон импортын бараа бүтээгдэхүүн хоёрын өрсөлдөөн, худалдан авагчдын сонголтод ямар харьцаатай байв.
5
Цэцэг, торт үүн дээр нэмэх нь тоглолтын билет хамгийн гүйлгээтэй байлаа гэж болно. Цагаан улаан дарс, чихэр набор зэргийн сонголт бол бараг бүгд өнөөх импортын талд байгаа нь төвөггүй ажиглагдана. Эндээс бид хэзээ үйлдвэрлэгч болж иргэд бид эх орны бүтээгдэхүүнээр сагсаа чигжээд гарах бол гэсэн урт холын бодол дахин төрнө. Том сүлжээ дэлгүүрүүдийн архи дарсны тавиур дээр Алтай, Хатагтай гэх зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн дарс харагдсангүй. Харин захын хорооллын хүнсний дэлгүүрийн даржин лангуун дээр том том архинуудын дунд шахагдаж өрөгдсөн харагдана.
5
Баярын сагсанд эх орны дарс, чихэр набор алга. Хэтэвчнээс давсан үнэтэй дээ бус сагсанд багтахгүй овортойдоо ч биш. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сэтгэлгээ бидний тархинаас арчигджээ. Нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг жижиг зах зээлийн том гажиг энэ мөн. Гэхдээ энэ бол олдмол гажиг ба суурь шалтгааныг олж засч болох юм. Манай үндэсний үйлдвэрлэлийн ихэнх бүтээгдэхүүний шошго зүүлт савлагаа мэт нь гадаадын брэнд үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад хаана ч үгүй байгаа ч жилээс жилд энэ ялгаа арилж байгаа. Чанар хийц ч мөн адил манай зарим нэрийн бараа бүтээгдэхүүн өрсөлдөх хэмжээнд ирж байгаа. Засгийн газар импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжиж хөрөнгө хаяж 888 гэсэн тоон дээр шалгаруулалт хийчихээд байж байна. Энэ нь бүхэлдээ уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын салбарыг барьсан талдаа шалгаруулалт болсон харагддаг. Энэ хэрээр ирээдүйд дэд бүтэц хүнд үйлдвэрийн салбарт үндэснийхэн томорч хөгжих юм байна гэж ойлгогдлоо.
5
Харин хүнсний болон өргөн хэрэглээний бараа эргэлтэд манай үйлдвэрлэгчид бодитой өрсөлдөж чадахгүй байна. Жижиг дунд болоод хувиараа үйлдвэрлэгчид сая сая санаа байлаа ч түүнийгээ ажил болгох ганц боломж байгаа нь зээл авах. Гэтэл энэ нь тун өндөр босготой ба бүтэх нь тийм амар биш.
5
Бага хэмжээтэй мөнгө, шахуу хугацаатай зээлийн дарамтад ажлаа эхэлдэг үндэсний үйлдврлэгчид жижиг дундынхан сая санаа, төлөвлөгөөнийхөө тал хувийг арай чүү хийж юм болгож савлаж аваад бушуухан зарж хүүгээ төлөхөөр яарна. Шошго наалт бар код гээд том дэлгүүрүүд элдвээр гоочлон авахгүй борлуулахгүй гэх дарамтыг ч бас аргалах болдог. Энэ бүхний цаана нь бараа бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн өрсөлдүүлэх, сурталчилгаа маркетингаа хөгжүүлэх зэрэгт хаях мөнгө болоод боломж үнэндээ байхгүй байгаа харагддаг. Энэ нь зах зээлд өрсөлдөхөд нэг хөл нь цөмөрхий дээр гишгэж байгаатай адил. Үүнийг төр харж хөрсийг бэхжүүлж өгдөг бол үндэсний үйлдвэрээ дэмжсэн үр дүнтэй бодлого болно. Энд барьцаагүй зээл, хүүгийн хөнгөлөлт гэхээсээ илүүтэй үндэсний хэрэглээгээ дэмжсэн сэтгэлгээг бий болгож, төр олон нийтийг хамарсан арга хэмжээ санал санаачилгыг өрнүүлэх нь зөв болох юм. Үндэсний хэвлэх үйлдвэрүүд үндэсний үйлдвэрээ дэмжин хөнгөлөлттэй үнэ тарифийг санал болгодог, Үндэсний телевиз, хэвлэлүүд ганц долоо хоног бараа бүтээгдэхүүнийг нь хөнгөлөлттэй сурталчилж өгдөг, орон даяараа ганц өдөр зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийдэг, айл гэр өрх бүр ганцхан ням гарагт үндэсний бүтээгдэхүүнээр өдрийн хоол зоогоо хийдэг, бүх дарга нар нэг өдрийн хоолоо үндэсний үйлдвэрийн таргаар даруулдаг гэх зэргээр дэмждэг бол өөр асуудал. Эндээс бидний тархинд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ бас сэтгэл сууж эхэлнэ.
5
Одоо бол эсрэгээрээ. Хоёулаа адилхан гадны нэг компаниас газ импортолдог байхад үндэсний компани нийлүүлж байгаа бол чанаргүй, японы компани нийлүүлж байгаа тул чанартай тэндээс газаа авцгаа гэнэ. Газрын зөвшөөрлийг гадаадынханд харамгүй өгнө, татвараас хөнгөлнө, давуу болон монопол эрх олгоно. Цаашлаад хогны уутыг манайх хийвэл бүтэхгүй хятадад захиал, ажлын бээлий манайх хийсэн бол муу Солонгосоос авчих, төрийн ордны “О”-д үндэсний үйлдвэрийн нойлын цаас хэрэггүй солонгосынхыг олж тавь, утаагүй зуухыг Туркэд хийлгэ, тэднийх сайн гэх зэрэг бол төрийнхний өөрсдийнх нь үйл ажиллагаандаа барьж ирсэн хадмал гэж болох үндэсний бус сэтгэлгээ, эх оронч бус сонголт юм. Энэ нь доошоо салбарлан тархсан хам шинжтэй болж ирж байгаа.
4
Хамгийн сүүлд нь эх орны хөрсөнд ургасан төмс ногоог “бүү ид” гэх шахуу шуугиан дэвэрлээ. Хэт нэг талыг барьсан мэдээллүүд эх орныхоо хөрс шороо, бордоог хорт хавдар тээгч шахуу болтол нь сенсаацалж байгаа нь цочирдмоор байсан. Нөгөө эх орон ч сэтгэлгээ хаачсан юм бүү мэд. Төмс шахдаг хэдэн хятадын уруулд инээмсэглэл тодруулсан энэ мэдээлэл монголчуудад юу үлдээсэн, ямар хаялгатай байсан тухайд хэлэх үг алга. Энэ бүхэн хэн нэг сэтгүүлчийн ч юм уу, худалдан авагчийн буруу бус. Энэ олон жилд бид бүтээгч үйлдвэрлэгч бус бэлэнчлэн залгигч, агуу импортлогчид байсан ба тэндээсээ мундаг хийрхэгчид болж ирсний сүүдэр. Энэ сүүдэр биднийг эх орондоо хийсэн бүхнээс холтгож, өөрсдөө Монголдоо хийснийг хүлээж авах, хэрэглэх сэтгэлгээгүй болгож чадсан байна.
6
Эмэгтэйчүүдийн баярын сагсанд сарнай чихрийн цуглуулга, чацарганы дарс, моносийн тос, Халгай шампунь зэрэг эх орны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд багтсангүй.
6
Төрийн ажлын хэм хэмжээнд ч энгийн хэрэглээний түвшинд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, эх оронч сонголт бидний тархинаас арчигдсан мэт байна. Тийм болохоор баярын сагсанд “ Монгол” бүтээгдэхүүн багтахгүй байна.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ