Б.Ганболд 14 дүгээр байрт оржээ
“Сочи-2014” паралимпийн наадмын эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайд уралдсан манай улсын тамирчин Б.Ганболд 1:04:01 цагийн амжилтаар XIV байрт оржээ.
Энэ зайд 12 орны 20 тамирчин гараанаас гарч, БНХАУ-ын хоёр тамирчнаас бусад нь барианд орсон байна. Б.Ганболдыг дахин хоёр зайн уралдаан хүлээж буй. Тодруулбал, энэ сарын 12-нд ойрын зайн 1000 м, тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т уралдана.
47 орны тамирчид 72 багц медалийн төлөө өрсөлдөж буй паралимпийн наадмаас одоогийн байдлаар 13 орон ямар нэгэн медаль хүртсэн байна. Тодруулбал, ОХУ-ын баг тамирчид алт, хүрэл медаль тус бүр зургаа, мөнгөн медаль долоо, нийт 19 медальтайгаар тэргүүлж байгаа бол Украин хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, Япон хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар удаалж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ