НҮБ-ыг Өмнөд Суданчууд эсэргүүцэж байна
Өмнөд Суданы нийслэл Жуба хотноо НҮБ-ын эсрэг 1000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсагчид НҮБ-ыг Өмнөд Судан дахь босогчдыг зэвсгээр хангаж буйд буруутгаж, нийслэл Жуба дахь НҮБ-ын элч төлөөлөгч Хилда Жонсоныг огцрохыг шаардаж, байрыг нь эзлэхийг оролдсоэ байна.
НҮБ-ыг сэжиглэх болсон шалтгаан нь өнгөрсөн баасан гаригт цэргүүд тус байгууллагын хүнс, тэжээлийн логотой автомашины цуваанаас зэр зэвсэг илрүүлэн хураасанаас үүдэлтэй билээ. НҮБ-аас босогчдыг зэвсгээр хангасан гэх гүтгэлгийг үгүйсгэж, тээвэрлэлтэнд алдаа гарсныг тайлбарлажээ.
Үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Суданы Ернхийлөгч Сальва Кийр НҮБ-ыг тус улсад ажиллуулж буйд буруутгасан аж.
Тусгаар тогтноод удаагүй Өмнөд Суданд НҮБ-ын 8000 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж буй юм. Өмнөд Суданд өнгөрсөн арванхоёрдугаар сард экс дэд Ерөнхийлөгч Риек Мачараар удирдуулсан босогчид төрийн эрхийг булаахаар зэвсэгт үймээн эхлүүлсэн билээ. Үүний улмаас Өмнөд Суданы 860 мянган хүн гэр орноосоо дүрвэд буй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ