Жижиг Монголын заяа ард түмнээс нь л шалтгаална
Монгол хүний саруул ухаанд итгэнэ. С.Зоригийн энэ үг, гэрээслэл үнэ цэнээ хэзээд алдашгүй үг шиг бодогдоно. Үгийн өө, араншингийн илрэл, бодлын эсрэгцэлийг дөрөөлөн нэг нэгнээ шавхруунд хутгах гэсэн сонирхол энэ нүүдэлчдэд хаанаас бий болов. Бид ийм хэрүүлч, увайгүй, өөнтөгч байгаагүйсэн. Монголын түүхийг товчоолсон лавтай таван мянган жилийн шастирт энэ тухай өгүүлсэн нь дэндүү цөөн. Дээдчүүлийн маргаанаас нийтээрээ хохирч эзэнт улсын үлдэгдэл ч үгүй болж байсан түүх энэхүү дэндүү цөөнд хамаарна. Харин өнөөгийнх шиг бултаараа төр барих гэж хичээж байсангүй. Өөрийгөө төлөөлөх нэгнийхээ үгээр улс гэрийнхээ асуудлыг шийддэг байлаа. Увайгүй үг биш урагштай шүүмжлэлээр төрөө эмхлүүлдэг байсан юм.
5
Хувь заяаны эрхээр хоёр их гүрний дунд хавчуулагдсан монголчуудад зовлон их. Нэг нь гэдийчэхээр л эдийн засаг бүхэлдээ доголдоод эхэлнэ. Ам долларын ханш чангарч, улсын хилээр хэдхэн вагон нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр тэргүүтэн гарах “виз” авахаар гурван сая хүний амьдрал бүхэлдээ эвгүйцээд эхэлнэ. Цалин тэтгэвэрээ ч нэмж чадахгүй, улсын орлого сох дутаж, эдийн засгийн өсөлт хар аяндаа доошлоно. Нөгөө хөрш нь дээрээс нь газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ азначихвал энэ улсын өнөө, ирээдүйд жавар хургаж ихээхэн бээрэг болно. Импортоор улсынхаа нийт хэрэгцээнийхээ гуравны нэгийг хангадаг хангадаг энэ “жижигхэн” улсад геополитик буюу гео улстөрөө эргэн харахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Хоёр хөрш нийлбэл Монгол зүгээр л нэг вассал улс болж хоцорно. Сүүлийн хорин жилд Орос соц эзэнт гүрнийхээ уналтын цохилтоос гарах гэж тэмцэж, Хятад дэлхийн хөгжлийн түүчээ болох гэж завгүй хөдөлмөрлөж байх явцад Монголчууд тусгаар тогнол эдийн засгийн аюулгүйн байдлаа бий болгох гэж хэрэндээ хичээсэн. Гадаад харилцаандаа олон тулгуурт бодлого баримталж, цөмийн зэвсэггүй статаусыг бий болгож, Европын холбоо, зүүн хойд Ази руу гарах гарцаа идэвхтэй эрэлхийлж эхэлсэн. Харамсалтай нь гадаад харилцаан дахь энэхүү бүхий л өөрчлөлтийг Орос, Хятад хоёр нэгхэн далайлтаар өөрчилж болох юм гэдгийг төсөөлсөн ч итгээгүй. Сүүлийн үеийн хэрэг явдлуудаас харахад их гүрэн хэзээ ч их гүрэн байдаг гэдгийг Орос харуулж чадсан. Дэлхийн ашиг сонирхол тэдэнд юу ч биш, гагцхүү тэд өөрснөө дэлхийг өөрийнхөөрөө хувиргахыг хүсч байгааг сануулсан. Хятад ч мөн ялгаагүй. Алийн болгон Европ, АНУ-ын дэлхий байх ёстой юм гэсэн том бодлогоо хэрэгжүүлээд эхэлбэл бид яах вэ. Асуудалд энгийн сэтгүүлчийн үүднээс ингэж л хандаж байна.
5
Үнэнийг хэлэхэд тэд дандаа өрмийг нь авч хусмыг нь бидэнд өгч байсан. Одоо ч тийм. Байгалийн баялагаараа гайхагддаг улсуудын 78 хувь нь ядуу амьдарч байгаа баримтаас их гүрнүүд хэрхэн яаж тэднийг тоглоомоо болгодгийн жишээг харж болно. Монголыг хөгжилтэй, хөл дээрээ баттай зогссон, өөрсдийн байр суурийг илэрхийлэн баттай хамгаалах чадвартай, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан байлгахыг тэд хүсэхгүй байна. Харин эсрэгээр, дотроо хагаралтай бутархай, эв нэгдэлгүй, улс төрчид нь авилгад идэгдсэн улс байхыг хүсч байгаа. Ийм байх тусмаа олз нь илүү амтлаг байх болно.
6
Чухам ийм үнэний тулд л бид өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангаж чадахуйц болох хэрэгтэй байгаа юм. Гадаад бодлого нь ч аль нэг тийшээ хазайхгүй төвийг сахьсан байх учиртай. Дэлхийн өнөөгийн улс төрийг дарьтай торхон дээр суугаагаар төсөөлж болно. Мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн эрх ашиг л гэж бий.
6
“Жижиг Монголыг хэн тоох вэ”, "бид ач холбогдолоор бага” хэмээн өөрсдийнөө үгүйсгэж асуудалд хандаж байх хооронд аль хэдийн их гүрнүүд Монголын тухай ирээдүйн төсөөлөлийг гаргасан байгаа. Луу, баавгай хоёр юуг ч хамтраад хөнтөрч чадна. Харин таарамжгүй үед нь Монгол хожиж байсан. Хожсоноо алдахгүйн тулд эдийн засаг төдийгүй геополитикийн тун нарийн саруул ухаан гаргах хэрэгтэй байх юм даа.
6
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ