Г.Баярсайхан: “Сhevrolet taheo”-оороо би Шилийн богд дээр гарч байсан
Грашиндаа
Гишүүдын дунд автомашин сонирхдогоороо нэлээд танигдсан нэгэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Сайхан авто хүлгийг өөрийн журмын нөхөр хэмээн үздэг энэ эрхэмийг энэ удаагийн “Грашиндаа” буландаа урилаа.
Гэрэл зургийг Н.Ариунаа
-Та автомашиныг журмын нөхөр гэж үздэг гэсэн. Таны анх унаж байсан машинаас яриагаа эхлэх үү?
-Эрт дээр үеэс манай өвөг дээдэс ажнай хүлгээ маш их хүндэлдэг байсан. Би төмөр хүлгээ түүнтэй ижил хэмжээнд санаж явдаг. Монголчууд бид төрийнхөө сүлдэнд хүртэл морь оруулсан байдаг. Энэ утгаараа би машинаа амьтай гэж бодож, хол газар явахдаа машиныхаа зулайг илж, “Миний хүлэг сайн шүү. Хүссэн газар минь хүргэж өгдөг шүү” гээд л ярьдаг. Машинаа ингэж хайрлаж, байнга арчилж, цэвэрлэж байвал ядаж эвдэрдэггүй юм.
-Анх ямар машин унаж байв?
-Би анх оросоос орж ирсэн цоо шинэ “УАЗ-69” унаж байсан. Энэ бол маш сайн тэрэг. Гэхдээ энэ машиныг одоо цагийн машинууд хол хаясан. Тиймээс цаашид миний бодлоор “ГАЗ” үйлдвэр техник, технологио шинэчлээд одоо байгаа автомашинуудтай өрсөлдөхүйц хэмжээний машин үйлдвэрлэх ёстой болов уу. Өнөөдөр “Land-570”-ыг “УАЗ-69”-тэй харьцуулна гэдэг утгагүй биз дээ. Нэг нь Hitec технологийн оргил. Нөгөө нь өнгөрсөн зууны хагасын шилдэг л болж таараад байна. Би багаасаа машин тэрэг засдаг байсан. 1990-ээд оны эхэн үед энэ олон засварын газар байгаагүй. “УАЗ-69”-ынхөө бүх цахилгааныг би өөрөө засдаг байсан. Техник тал руугаа нэлээд сонирхолтой байсан болохоор Радио, техникийн дугуйланд хүртэл явж байсан.
-Та “Infenite QX-56” унадаг бил үү?
-Энэ тэрэг бол “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Одоо хотод 30-40 ширхэг явж байгаа. Үйлдвэрлэгч болгон нэг нэг сайн загвартай байдаг. “Toyata”-д “Lexus”, “Honda”-д “Аcord” байна. Үүнтэй адилаар “Nissan” үйлдвэрийн авангард гэж өөрийнхөө машиныг хэлмээр байна. Морьтой зүйрлэвэл би их сайхан зандан шоо дөрвөлжин машин унадаг.
-Хөдөлгүүрийн багтаамж нь ямар билээ?
-5600. Японы автомашин үйлдвэрлэлийн бүх ололтууд энэ машинд орсон байдаг. Тусгай электрон тэнцвэржүүлэгчтэй. “Infinite”-гийн доод талын тэрэг нь“Nissan Patrol” байдаг. Мэдээ сонсож байхад “Land”, “Lexus” энэ тэр онхолдлоо гэдэг. Харин “Patrol” онхолдлоо гэж дуулддаггүй. Учир нь “Patrol”-ын хүндийн төв нь маш доор байдаг. Тухайлбал, Иракт НҮБ-ынхэн дандаа “Nissan patrol” өгсөн байсан. Тэдэнд “Land” өгөх боломжтой байсан. Найдвартай чанарыг нь харгалзан “Nissan Patrol” өгсөн байх. “Nissan Patrol”-ыг хүмүүс жаахан дуу ордог, салганадаг гэдэг. Миний өөрийн хийсэн дүгнэлтээр дуу орлоо гээд онхолддоггүй, их тогтовор сайтай тэрэг. “Land” гэхдээ сайн тэрэг л дээ. Гэхдээ статистик үзүүлэлт энэ тэр ярихаар онхолдсон энэ тэр үзүүлэлт их байдаг юм билээ.
-Хамгийн үнэтэй авч байсан машин тань юу вэ?
-“Mercedes benz-s-550”-ыг би 2006 оны үед 150 гаруй мянган ам.доллараар авч байсан. Дэлхийн зах зээл дээр “Mercedes” ба бусад тэрэг гэж хүмүүс ярьдаг. Энэ зүгээр нэг хэлсэн үг биш байх. Бусад нь “Mercedes”-ын машин үйлдвэрлэлийн технологид одоо хүртэл суралцаж байна.
-Танд гадны улсуудаар явж байхад үзэсгэлэн дээр ч юм уу энийг л авчихвал гэж харж байсан машин бий юу?
-Байгаа. Гэхдээ би үзэсгэлэнгээс хараагүй. Интернэтээс саяхан харсан. Оросууд армийн зориулалттай “Hummer” гаргасан байсан. Маш өндөр туулах чадвартай, бүх талаараа маш сайн төмөртэй хамгаалалтттай. Буудахад сум нэвтэрдэггүй. Гэхдээ би тэр утгаар нь харж байгаа юм биш. Үүнийг л авна гэж бодсон.
-Ямар үнэтэй вэ?
-120-иод мянган ам.долларын үнэтэй байсан. Дэлхийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа. Алс даа зургаан дугуйтай “Урал” аваад хойноо том ачаатай аялалын зориулалттай тэрэгтэй болъё гэж би бодож байна. Манай залуучууд бас их сайхан машин тоноглоод унадаг болсон байна.
-Хамгийн сайн автомашиныг нэрлэ гэвэл та хаанахын машиныг нэрлэх вэ?
-Би Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан. Энэ дотроос хамгийн сайн нь миний одоогийн унаж байгаа тэрэг сайн. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш. Хот дотор унах зориулалттай. Харин бартаат замын хаан гэвэл би “Chivrolettahoe” гэж америк тэрэг нэрлэнэ. Би өөрийн “Chivrolettahoe”-гоо унаад манай нөхдүүд “Land-100, “Land-200”, “Lexus”-аа унаад явахад ялгардаг юм. америк тэрэг япон тэргэний хажууд арай нүнжигтэй. Япон тэргэний хажууд олон электрон тохируулга энэ тэр нь бага хэрнээ чадалтай, хурч хүч сайн авдаг. Дэлхийн хамгийн том гүрэн өнөөдөр аюулгүй байдлаа “Chivrolettahoe”-д даатгаж байна. Б.Обамбагийн хамгаалалтынхан бүгд унаж байна. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, энэ том тэрэг шатахуун маш бага зарцуулдаг. Учир нь машин хурдаа аваад гүйлт жигдрээд ирэхэд, найман циллиндр нь дөрөв нь ажилладаг юм билээ.
-Танд гадны гудамжинд л байдаг гэсэн ойлголтоор зарим хүмүүсийн хандаад байдаг тансаг зэрэглэлийн машин манайд цөөнгүй орж ирсэн. Та ийм ямар машин Улаанбаатарт харсан бэ?
-Би дандаа диллерээс нь авдаг. Өмнө нь манайд энэ диллерүүд байхгүй байхад гаднаас авдаг байсан. Өөрөө ч оруулж ирж байсан. Би Германаас машин аваад Сибирээр яваад оруулж ирж байсан. Улаанбаатарт машины ангилал их сайжирсан. Дэлхийн үнэтэй бүх тэрэг орж ирсэн. 300-500 мянган ам.долларын үнэтэй “Mercedes benz” “My Bakh” ороод ирсэн байна. “Bently”байна. Би Кувейтэд явж байгаад тэндэхийн эзэн хааны зүчээнд очиж үзсэн юм. Тэгэхэд манай айлчлалын тэргүүнд нэг даага бэлэглэж байсан. Арабын ноёд тэр морьдоо хамгийн дээдээр гоёх юм. Морьдоо тусгай шампуньд оруулж, сормуусыг нь хүртэл буддаг юм билээ. Хоол унд энэ тэр нь тусгай. Манай энд авчирсан хэдийг нь манай хэд хатгаа энэ тэр авахуулсан сурагтай байдаг. Үүнтэй ижилээр баруунд тэр үнэтэй тэрэгнүүдийг ингэж арчилдаг.
-Машин сонирхдог хүмүүс нэлээд давхих эсвэл бартаат зам туулах дуртай байдаг. Та хэд хүргэж байсан бэ?
-Би хурдлах дуртай. Би “Chevrolittaheo”-гоороо бараг Шилийн богд дээр гарсан. “Land”-ууд тэр доор байхад би тойроод нэлээн дээшээ гарсан. “Chevrolittaheo” л түүнийг чадна. “Benz-S”-ээрээ би тулгаж үзэж байсан. 260 милл хүргэж байсан. Чаддаг хүн л хурдлах хэрэгтэй. Би бол олон жил тэрэг барьсан. Бас мэдрэмж байна. Хурдалж байхад хүний ухаан нэг цэг дээр л төвлөрдөг. Тэрнээс жаахан л анхаарал суларвал шууд осол болно. Монголд бол зам дээр чулуу, мал амьтан таарна. Эрсдэлтэй. Миний хобби хөдлөөд би нэг гишгэж үзсэн. Хажууд байсан найз маань бараг муужирсан. Гэхдээ хүн бол тулгаж үзнэ гэсэн ойлголт байж болохгүй. 7-8 жилийн өмнө ингэж үзсэн. Би чинь 1994 оноос хойш тэрэг унасан. Уралдааны машин унадаг хүмүүс асар их мэдрэмжтэй хүн байдаг.
-Манайд машины хамгийн гоё цуглуулгатай хүн таны мэдэхээр ямар хүн байгаа вэ?
-Хамгийн гоё гэдэг үнэлэмжийг ярих хэрэгтэй. Ачааны тэрэг “Зил-130”, “ГАЗ-51” байхад сонин. Гэтэл үүнийг мөнгөөр үнэлье гэвэл төдийлөн үнэд хүрэхгүй. Гэхдээ тэр машин монголд ховор болсон. Гэтэл үнэтэй гээд нэг нь “Maybach”, “Bently” тавиад би хамгийн том цуглуулгатай гэвэл зүгээр л мөнгөөр баярхаж байгаа хэрэг. Харин юмны ховор чанарыг ойлгоод түүхэн үнэлэмжээр нь харвал өөр зүйл. Гоё цуглуулгатай хүмүүс байдаг юм.
-Таныг хүмүүс автомашины нэлээд хорхойтой гэдэг. Та машин цуглуулдаг уу эсвэл зараад л дараагийнхыг нь аваад байх сонирхолтой юу?
-Ер нь цуглуулах нь зөв. Сайхан хүлэг аваад буцаагаад зараад байхаар хүнд буян тогтохгүй. Энэ утгаараа 1994-1995 онд авч байсан “Waranglerjip”-ээ одоо хүртэл хадгалдаг. Энэ бол жипний эцэг. Манайд одоо цөөхөн харагддаг. Өөр хөдөө унадаг саяны ярьж байсан “Chivrolettahoe” байгаа. “Chivrolettahoe”, “Infenite-QX-56”-г би өөрөө, манай гэр бүлийн хүн “Infenite-QX-35” хүн унадаг. Япон тэргэнд би яагаад ач холбогдол өгдөг гэхээр эдний үйлдвэрлэсэн тэрэгнүүд эвдрэл багатай байдаг. Дэлхийд автомашины үйлдвэрлэгчдийн машиныг эврдэлээр нь жагсаасан жагсаалт байдаг. Энэ жагсаалтад японы “Nissan” нэгт ордог. Яг л цаг хугацаанд нь юмыг нь солиод арчилаад байвал эвдэрэл цөөн гардаг.
-Хүмүүс цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн хуучны машин цуглуулах сонирхолтой байдаг юм билээ. Танд ийм тэрэг бий юу?
-Санаа байдаг боловч амжихгүй юм. Ийм тэргийг олохийн тулд хөдөө гадаа хайж явах хэрэгтэй. Хааяа хөдөө явж байхад хол баг дээр шилэн форд айлын гадаа байдаг. Хөөрөг сонирхдог хүмүүс хөдөө уулын энгэрт байгаа малчныг хайж байгаад л олж наймаа хийдэг шиг цаг хугацаа их шаардах зүйл. Энэ бол сайхан хобби. Монголчуудыг дөнгөж сая морьноос буусан юм шиг дэлхий дахин ярьдаг. Гэтэл манайд аль 19920-иод оны үед “Ford”, Harley Davidson гээд л мотоциклийг С.Данзан унаж байсан байдаг. Би жаахан нас дээр гараад завтай болоод ирэхээрээ өөрийнхөө сонирхолоор машин цуглуулах бодолтой байгаа. Манай зарим гишүүд машины цуглуулгатай. Энэ бол сайхан хобби. Миний бодлоор хүний хамгийн муухай хобби бол мөрийтэй тоглох. Энэ бол нэг ёсондоо өвчин. Дэлхийн зарим улсад төрийн нууцтай харьцдаг хүмүүст тавигдах шалгууртсэтгэхүйтэй холбоотой нэр бүхий дөрвөн өвчтэй бол энэ албанд оруулахгүй байхаар болсон байсан. Үүний нэг нь энэ тоглоомонд донтох өвчин. Манайд тоглоомонд донтсон хүмүүс олон байна. Ийм хүмүүс яаж төрийн нууцтай харьцаж, төрдөө үнэнч зүтгэх билээ. Би үүнийг эмч хүний хувьд зөв зүйл гэж боддог. Өөрөөр хэлбэл, энэ чинь сэтгэхүйн өөрчлөлтэй гэсэн үг шүү дээ. Ийм хоббитой байснаас уран зураг, машин, уран зураг цуглуулах гээд сайхан зүйлс байна.
-Машинд хоббитой зарим хүмүүс автомашины модел цуглуулдаг?
-Яг тэр коллекцид нь зориулж тухайн үйлдвэр нь цөөн тоогоор гаргадаг. Арай л мотор нь асдаг гэж хэлж болохгүй байх. Би багадаа жаахан сонирхож байсан. Энэ бас л гоё хобби.
-Та машины тоноглол нэг их сонирхдоггүй юм шиг байна?
-Энэ машиныг дийлэнхдээ хотод унадаг болохоор шаардлага бага байдаг. “Chivrolettahoe”-гоо бол тоноглож байгаа. “R&B”-гийн амстираторууд авсан. Одоо аялалын зориулалтын дотроосоо удирддаг wirelss поржугтор захисан. Хөдөө явдаг тэргэндээ суурилуулчихад хүчтэй тусгалтай учир хэдэн км газрыг гэрэлтүүлнэ.
-Таныг машинаа маш гоё арчилдаг гэж хүмүүс яридаг юм билээ?
-Машин унана гэдэг их том соёл. Зарим хүмүүсийг харахад, цоо шинэ машин унасан хэрнээ шороондоо даруулчихсан. Техник, үйлчилгээг нь цаг хугацаанд нь хийдэггүй. Машинд нь ороход тамхины бохь үнэртдэг. Энэ бол хүн өглөө босоод нүүрээ, амаа угаахгүй байгаатай адил зүйл. Энэ хувь хүний хүмүүжил, соёлын асуудал. Автомашиныг сайхан арчилж унаж сурах хэрэгтэй. Зун манай бүсгүйчүүд гоёод туфел өмсдөг. Харин эрчүүд нь сандал өмсдөг. Өвөл болохоор бүгдээрээ эсгий гутал хүртэл өмсдөг шүү дээ. Үүнтэй адилаар машин унахад соёл гэж нэг юм бий. Өвөлдөө өвлийн дугуй, зундаа зуны дугуйг нь хэрэглэж занших хэрэгтэй. Ингэвэл аваар осол гаргах магадлал буурна.
-Хүмүүс сүүлийн үед дөрвөн улиралын дугуй их хэрэглэдэг болсон. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Өвөл дөрвөн улиралын дугуй хөлдөөд, хатуурчихдаг юм. Ингэснээр замтай барьцалдах чадвар нь мууддаг. Тиймээс өвөл зориулалтын баллууран, хээтэй дугуй л хэрэглэх ёстой. Бид төмөр хүлэгтээ байнга хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Автомашиндаа өөрийн амь насаа даатгадаг тул үүн дээр гар татах хэрэггүй байх. Үүнээс гадна машинаа өвөл гадаа тавиад хүчээр асаагаад байдаг. Хөлдсөн тэргийг нэг удаа хүчээр асаана гэдэг 1000 км автомашиныг гүйлгэсэнтэй адил элэгдэл, хорогдол моторт өгдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс машинаа техникийнх нь журмын дагуу арчилж, өвөл дулаан гражид тавьж байх ёстой.
-Дэлхий нийт хандлагынхаах нь манайх явж байна гэж тахардаг вэ?
-Өнөөдөр дэлхий нийтийн автомашины хандлага шатахуун бага иддэг “Hybrid”буюу цахилгаанаар явах, цахилгаан хослуулсан, дан бензин хөдөлгүүртэй гэсэн гурван чиглэл рүү явж байна. Цаашид дэлхийд органик гаралтай түлшний хомсдол үүсэх хандлага байгаа тул аль болох Hybrid машин руу явж байна. Миний хувьд монголчууд бид цаашид дэлхийн нийтийн энэ хандлага руу явах ёстой. Хэмнэлттэй, дуу чимээ бага гаргадаг энэ технологийн ашиглах нь зүйтэй байх. Бүгдээрээ том хар машин унаж байгаагаар нь улс орны хөгжлийг дүгнэдэггүй. Харин хэр их Hybrid машин унаж байгаагаар нь улс орны хөгжлийн үзүүлэлтийг нь тогтоодог үнэлгээ дэлхий дахинд бий. Монголд том том автомашины дэлхийн брэндүүд ороод ирлээ. “Nissan”, “Toyota” гээд л бүгд байна. Мэдээж манай зам муу тул Аавын цээж, “УАЗ-69”, “Фургон” гээд автомашинууд явж байгаа. Энэ зах зээлийн өрсөлдөөнд нь мэдээж хамгийн чанартай нь хамгийн том жинг эзлэнэ. Жипэнд дээр ярьвал шатахуун бага иддэг, бартаа саад туулах чадвар сайтай байх ёстой.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ