Д.Энхжаргал: Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй бол хариуцлага тооцохоор тусгасан

img

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран ”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэхэд анхаарах зүйлс” сэдэвт сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд НББСШУБХ-ны Ажлын алба, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

s

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчлэн найруулах болсон үндсэн шалтгаан, үндэслэл, үзэл баримтлал, хуулийн төслийн ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа. Хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ердийн үзэгдэл боллоо. Бид хананы цаана үйлдэгдэх гэмт хэрэг, чимээгүй дайнаас болж бие биенээ алдсаар байх уу. Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан бол сүүлийн үед ахмад настнууд ч эдийн засгийн хүчирхийлэлд өртөх боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт үйлдлийг гэр бүлийн маргаан хэмээн үзэж чимээгүй сонсоод өнгөрдөг. Зарим тохиолдолд хохирогчийн хүсэлтээр гэмт хэргийг олон нийтэд мэдээлэхгүй нууцалснаар хүнд болон хүндэвтэр гэмт хэргүүд гарсаар байна” гэлээ.

s

2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн ч 10 жилийн хугацаанд шүүхээр 41 хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авчээ. Энэ нь хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой бөгөөд хууль өөрөө тунхаглалын шинжтэй болж, хуулийн зарим зүйл, заалт нь амьдралд төдийлөн хэрэгжихгүй болсон байна. Гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь иргэн хоорондын асуудал хэмээн үзэж байсан бол удахгүй Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй хуулийн төсөлд хохирогчийн эрхийг хамгаалах асуудлыг гол цөм болгож, гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлагын 60-70 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг.

s

Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон үйлдэгчдэд хариуцлага тооцохдоо цагдан хорих арга хэмжээг урьтал болгохгүйгээр хүчирхийлэгчийн зан үйлийг өөрчлөх, эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах, эвлэрүүлэх байдлаар асуудалд хандахаар зохицуулсан байна. Улсын Их Хуралд энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдтэй хамтад нь хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

s

Гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол, үйлдлийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй хэсгийн цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан нарт Зөрчлийн тухай хуулийн төсөлд хариуцлага тооцохоор тусгасан гэнэ. Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслүүдэд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгаж өгснөөрөө чухал ач холбогдолтой болсон. Урьд нь хүчирхийлэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг төрийн бус байгууллага зохион байгуулдаг байсан бол шинэчилсэн хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд анхаарсан аж.

d

Саяхан гэр бүлд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн тусгай тасаг байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь далд хэлбэртэй байсан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалалтад авах, тэдэнд чиглэсэн үйлчилгээ сайжрах ач холбогдолтой. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон Тахарын тухай хуулиуд батлагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн эрх баталгаажиж, иргэд шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн байна. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв Хууль зүйн яамтай хамтран харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

s

Хуулийн төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах тусгай бүлэг оруулснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, иргэдийн гэмт хэргийг мэдээлэх эрх, үүргийг тодорхойлж, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах байрыг байгуулах асуудлыг хуульчилж өгсөн аж. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан хамгаалах байрыг шинээр байгуулсаны зэрэгцээ Эрдэнэт, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан зэрэг аймагт хохирогчдод зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байр байгуулахаар шийдвэрлэсэн хэмээн танилцуулсан юм.

ы

Мөн сургалтын үеэр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Золзаяа “Жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэхэд анхаарах зүйлс” сэдвээр мэдээлэл хийсэн. Тэрбээр сэтгүүлч нарт аливаа хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл бэлтгэхдээ сэтгүүл зүйн өндөр ёс зүй, ур чадвар, хууль зүйн мэдлэг, хүний эрхийн талаарх ойлголт, хүчирхийллээс үүдэлтэй сэтгэл зүйн шарх, хямралын талаар анхан шатны мэдлэгтэй байхыг онцолсон. Сэтгүүлч бүхэн хүчирхийллийн онцлог, хэлбэр, үр дагавар, шалтгаан, нөхцөл байдал зэргийн талаар мэдээллийг олж судлах, нийгэмд үзүүлэх нөлөөллийг тооцоолон аль болох бүтнээр нь нийтлэхийг чухал болохыг мөн тэрээр хэлсэн. Түүнчлэн нийтэлж буй мэдээлэл нь хохирогчийг ямар нэг байдлаар аюул эрсдэлд оруулахгүй байх, нөхцөл байдлыг дордуулахгүй байх зэрэгт цаг ямагт анхаарлаа хандуулахыг хүслээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмэгтэй:
ийм хуулийн заалт байвал болж л байна.бас иймэрхүү зүйл гараад байгааг хараад сонсоод чимээгүй байгаад байдаг хөршүүдэд бас хариуцлага тооцох хэрэгтэй.хүүхэд уйлах,хүн хашгирах чимээ сонсоод байгаа мөртлөө надад хамаагүй гээд л нүдэн байлай чихэн дүлий байдаг хөршүүд бас бий шүү.
2014-03-13
олон талаас нь бод:
маш олон монгол эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд байна. ганцхан агсам согтуу зодоон цохионыг хүчирхийлэл гэхгүй. олон эмэгтэйчүүд эр нөхрөө үл тоон гэр бүлийн ариун явдалыг умартаж хэл ам сэтгэл санаагаар маш их дарамталж байна. арай ухамсартай хэсэг болох тэр эрчүүд эхнэртээ гар хүрэх нь байтугай үг хэлэх ч аргагүй сэтгэл санааны асар их дарамтанд амьдарч байна. ялангуяа хөнгөн явдалтай өөрийн дураараар аашилдаг хүүхдээ барьцаалж сална гэдгээрээ айлгаж архи дарс тамхид орсон эмэгтэйчүүд асар олон байна. энэ бол гэр бүлийн хүмүүжил юм. ийм учраас үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй гэр бүлд хариуцлага үүрүүлэх тухай хууль хэрэгтэй байна. гэмт хэрэгт болон биеэ үнэлэх бусармаг явдалд орооцолдож буй эмэгтэйчүүдийг гэр бүлтэй болохоос нь өмнө үүрэх хариуцлагыг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхтэй нь холбон хариуцлага хүлэллгэх хэрэгтэй: тухайлбал охин нь биеэ үнэлж байгаа эсвэл хүү нь гэмт хэрэгт оролцсон бол эцэг эхд нь өндөх торгууль ноогдуулах хэрэгтэй. гэр бүлийн хариуцлагыг өндөрсгөх хэрэгтэй. түүнээс эрчүүд чадалтай тэнхээтэй учрас эхнэрээ хүчирхийлж байна гэдэг ойлголт орчин үед маши их өөрчлөгдөгсөн байна шүү хууль тогтоогчидоо
2014-03-13