Сураггүй болсон онгоцыг олсон уу
Сураг тасраад тав хонож буй “Boeing 777-200ER” онгоцны их бие байх магадлалтай зүйлийг Өмнөд Хятадын тэнгист олсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Далайд гурван хэсэг, томоохон зүйл хөвж яваа нь хиймэл дагуулын дуранд буусныг сонирхуулжээ. “Boeing 777-200ER” онгоц сураггүй болсны маргааш авсан хиймэл дагуулын зургийг хавсаргаж нийтэлсэн байна.
“Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар “Тэдгээр гурван хэсэг зүйлийн хамгийн жижиг нь 13х18 метр хэмжээтэй бол нөгөө хэсэг нь 14х19, хамгийн том нь 24х22 метр харьцаатай байжээ. Тиймээс сураггүй болсон онгоцны урт ойролцоогоор 64 метр эдгээр хэсэг мөн байх магадлал нэмэгдэж байгаа гэж Хятадын талаас мэдэгджээ.
Малайзын эрх баригчдын мэдээлж буйгаар, онгоцтой холбоо тасрахаас өмнө хяналтын самбар дээр бүх зүйл хэвийн гэж зааж байсан гэнэ. Гэвч хэдхэн минутын дараа ор сураггүй алга болжээ.
БНХАУ-ын Засгийн газрын зүгээс эрлийн ажилд дэмжлэг болгож өндөр хүчин чадалтай, нягтрал сайтай зураг татдаг хэд хэдэн хиймэл дагуулын станцыг ажиллуулж эхлээд байгаа юм. Онгоцонд Хятадын 152 иргэн явсан тул Хятадын Засгийн газраас ийн онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Малайзын талыг худал мэдээлэл, цуурхал тарааж байгааг буруутгаж, тус улсын Засгийн газрыг “Ярих нь хэтэрч, хийх бага байна” хэмээн шүүмжилжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ