Манай улс хүнсний органик үйлдвэрлэгч болох бололцоотой
НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн 32 дугаар бага хурал өнөөдөр 5 дахь өдрөө үргэлжилж байна. Уг хурлын явцын талаар өнөөдөр ҮХАА-н сайд Х.Баттулга, НҮБ-ийн ХХААБ-н Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва нар мэдээлэл хийлээ.
ҮХАА-н сайд Х.Баттулга “Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлаар бүсийн түвшинд хүнсний аюулгүй байдал болон ХАА-н тогтвортой хөгжлийг хангах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байна. Уг хурлыг зохион байгуулж байгаа нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой. Манай улс хүнсний органик үйлдвэрлэгч болох нөөц бололцоо бий гэдгээ олон улсад сурталчилан таниуллаа. Мөн энэ бүсийн ХХААБ-ыг манай улс 2014-2016 оны хооронд даргалах болсон зэрэг олон давуу талыг бий болгож чадлаа” хэмээв. Хурлын үеэр мөн НҮБ-ийн ХХААБ-н Ерөнхий захирал Хосе Грациано Да Силва “Бид орой хурлаас гарах тайлангаа батлах ёстой. Үүгээр ирэх 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ярилцана. Энэ бүс нутагт үндсэн 4 чиглэлийн асуудлыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн” гэлээ.
Үүнд нэгдүгээрт өлсгөлөнтэй тэмцэх компанит үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгасан бол хоёрдугаарт цагаан будааны үйлдвэрлэлийг сайжруулах хэрэгтэй гэж үзжээ. Харин гуравдугаарт далайн баялагийг оновчтой ашиглан хүнс тэжээлийн хангамжийг сайжруулах, дөрөвт хүнсний ногоо тариалах үйл явцыг боловсронгуй болгохыг зорьж буй юм байна.
Дээрх асуудлуудаас гадна онцгой ач холбогдол өгч байгаа олон зүйл бий аж. Тухайлбал, хүнсний хог хаягдлыг бууруулах шаардлагатай байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв. Учир нь нийт үйлдвэрлэгдэж байгаа хүсний бүтээгдэхүүний 40-50 хувь нь хэрэглэгчдэд хүрэх замдаа үрэгдэж байгаа аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ