Онгоцны ахмад буруутай юу
Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд ниссэн “Boeing 777” онгоц сураггүй болоод 10 хонож буй. Тус онгоцыг хайхаар 11 орны 3500 гаруй аврагч нэгдсэн бол өнөөдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсын агаарын нисэх хүчний 15 дайчин болон цэргийн зориулалттай хоёр онгоц нэгдсэн байна. Малайзын Засгийн газраас өчигдөр “Онгоц сүйрээгүй бас алан хядагчийн гарт ч ороогүй, “Boeing 777” онгоцыг хамгийн сайн мэддэг ахмад болон туслах нисгэгч нар барьцаалсан байх магадлалтай” хэмээн мэдэгдсэнийхээ дараа нисгэгч нарын гэр болон ажлыг өрөөг битүүмжилж, хамгаалтад авсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Хятадын Засгийн газар болон таван орны шинжээч нар “Boeing 777” онгоцны ахмад Шахари Ахмад Шахыг онгоц алга болсонтой холбоотой гэж үзжээ. Мөрдлөгийн явцад ахмад Малайзын сөрөг хүчнийг идэвхтэй дэмждэг, “Ардын шударга ёс” намын гишүүн байсныг илрүүлсэн аж. Тэрбээр нислэгт гарахаасаа 12 цагийн өмнө “Ардчилал үгүй болсон” гэсэн бичигтэй футболк өмсөж, зургаа авахуулсан бол гэрээс нь 20 гаруй зорчигчийн мэдээлэл болон гэрэл зураг олжээ. Малайзын Засгийн газраас энэхүү мэдээллийн талаар мэдэгдэл хийхгүй байгаа ч ойрын эх сурвалжийн үзэж буйгаар үнэн мэдээлэл гэдгийг баталсаар байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ