Хүлэмжийн хийг бууруулж өндөр хөгжилтэй орнуудаас төлбөр авч болно
Ойн газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах (REDD+) хөтөлбөрт хамрагдах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажил”-ын хүрээнд REDD+ ийн мониторинг, хэмжилт, тайлагнах, баталгаажуулалтын талаарх семинарыг зохион байгууллаа. Уг сургалтанд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газрын Итали дахь төлөөлөгчийн газрын Ойн газрын мэргэжилтэн Жоел Скривэн Монголд хүрэлцэн ирж Redd+ хөтөлбөр хэрхэн хэрэгжих, уг хөтөлбөрт яаж оролцож болох, үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах талаар сургалт хийв. Уг хөтөлбөрт хамрагдсанаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8,3 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, нөхөн сэргээх замаар ойн талбайн хэмжээг нэмэгдүүлж хүлэмжийн хий /СО2/-г бууруулснаар өндөр хөгжилтэй бусад орнуудаас төлбөр авч болох талаар дэлгэрэнгүй ойлголтыг өглөө. Сургалтыг Ойн газрын даргын хүсэлтийн дагуу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлэн зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд Ойн газрын албан хаагчид болон ойтой бүс нутгийн 10 аймгийн ойн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, оюутнууд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд хамрагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ