Крым, Крым, Крым
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард украинчууд Европын холбоонд нэгдэх нь зөв хэмээн Засгийн болон Ерөнхийлөгчөө эсэргүүцэж, Киев хотын төв талбайд жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөн болж гурван сарын дотор 100 гаруй иргэн амиа алдаж, тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо зугтаасны маргааш Украины харъяа Крымийн газар нутагт ОХУ-ын цэргүүд нэвтэрсэн юм. ОХУ-ын энэхүү үйлдлийг олон улс хүчтэй шүүмжилж, Крымийн засаг захиргаа Оростой нэгдэхийг дэмжсэн ч ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулж, орон даяар нээлттэй санал асуулга явуулж, Крымийн ирээдүйн сонголтыг хийсэн юм.
1
Крым Оросыг сонгов
1
Крымийн иргэдийн 97.6 хувь буюу 1.4 сая иргэн “Оросод дагаар орох нь зөв” хэмээн үзлээ. Тэд саналын хуудасанд байрлах А хэсэг буюу Орос, Б хэсэг буюу Украин гэх хоёр сонголтоос нэгийг нь дугуйлж ирээдүйн хувь заяагаа шийдсэн. Тус улсад 1.7 сая иргэн ажиллаж, амьдардаг. Хүн амынх нь 62 хувь нь Орос бол 28 хувь Украин, үлдсэн хувь нь уугуул иргэд буюу Татарчууд билээ. Крымийн ард түмэн ирээдүйн хувь тавилангаа Оросын гарт шилжүүлэв.
1
Крымийн анхны Ерөнхийлөгчийг санал өгөхийг хоригложээ
1
Тус улсын анхны Ерөнхийлөгч Юрий Мешковийг Крымийн хувь тавиланг шийдэх, нээлттэй санал хураалтад оролцохыг хориглосон гэв. “Ukraine agency”-ийн мэдээллэснээр “Юрий Мешковийг санал асуулгад оролцуулахаас Крымийн Сонгуулийн төв комисс татгалзжээ. Мешков Москвад амьдардаг учраас Крымд бүртгэлгүй байжээ. Украин дахь Үндсэн хуулийн байгууллагыг өөрчлөхийг шууд бусаар уриалсан гэж Аюулаас хамгаалах алба үзэж Мешковыг 2011 оны долдугаар сард Украины нутаг дэвсгэрээс гаргах шийдвэр гаргасан” хэмээн мэдээлжээ.
1
Крым тусгаар улс боллоо
1
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийг бие даасан засаг захиргаатай, тусгаар тогтносон улс мөн гэдгийг баталсан тогтоол гаргасан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэхүү тогтоолд “2014 оны гуравдугаар сарын 16-нд болсон бүх нийтийн санал асуулгын дагуу Крымийн ард түмний хүсэлтийг харгалзан үзэж, Бүгд найрамдах Крым, Севастополь хот нь тусгай статустай, бие даасан засаг захиргаатай, тусгаар тогтносон улс мөн болохыг хууль ёсны дагуу мэдэгдэж байна” хэмээн дурджээ.
1
Бид ялсан. Өнөөдрөөс шинэ Крым улс
1
Крымийн Дээд зөвлөлийн дарга Владимир Константинов Симферополь хотод болсон арга хэмжээний үеэр “Бид ялсан. Өнөөдрөөс шинэ Крым улс. Ард түмэн минь баярлах нь зүй ёсны хэрэг” хэмээн хэлжээ.
1
Крымийн сүүдэрт дарагдсан Паралимп
1
ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн XI Паралимп 7-16 өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн юм. Тус наадамд 45 улсын 6200 гаруй тамирчин өрсөлдсөн билээ. Энэ удаагийн олимпод Оросын баг тамирчид үнэмлэхүй ялалт байгуулсан ч тэдний ялалт, энэ удаагийн Паралимп Крымийн сүүдэрт дарагдаж өнгөрлөө.
1
Орос хүчирхийлэл үйлдлээ
1
Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчынов энэхүү санал асуулгыг хууль бус гэдгийг онцлоод ОХУ-ыг хүчирхийлэгч хэмээжээ. Тэрбээр “Орос хүчирхийлэл үйлдлээ, олон улсын нүдэн дээр. Тэд энэхүү хүчирхийллээ нээлттэй санал асуулга хэмээн нэрийдсэн. Крым бол Оросын бус Украины газар нутаг. Украины шинэ Засгийн газар болон халуун цуст ард түмэн минь Крымийг хэзээ ч орхихгүй. Дайны цагт эх орноо орхиж явдаггүй дайчин эр шиг” хэмээжээ.
1
Оросууд та нар баярлаж л бай
1
Өнгөрсөн 16-ны өдөр Крым даяар болсон нээлттэй санал хураалтыг дүнг Украины Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк хүчтэй шүүмжилж буй. Яценюк санал хураалтын дүн гарсны дараахан Олон улсын шүүхэд хандаж, Украины газар нутгийг булаан авсан хэмээн гомдол гаргасан юм. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Шүүхийн шийдвэр гарах хүртэл оросууд та бүхэн баярлаж л бай. Украины ард түмэн ямар хүчтэйг харах ойрхон байна. Эцсийн шийдвэр бидний талд байх болно” хэмээн мэдэгджээ.
1
Сураггүй болсон онгоц бус Крымийн хувь заяа илүү сонирхолтой байна
1
НҮБ-ын дугуй танхимд гурван хоногийн өмнө болсон Украины Ерөнхий сайд Арсений Яценюк болон ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Европын холбооны удирдлага болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар “Украины ирээдүйн асуудал”-ын талаар хуралдаж байхад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Дэлхий нийтэд сураггүй болсон онгоц бус Крымийн хувь заяа илүү сонирхолтой байна. Сураггүй болсон онгоцыг хайх ажиллагаанд 12 орны 3500 гаруй аврагч нэг хүн шиг сэтгэж, бодож байхад Крымийн дотоод асуудал хэдэн сая иргэдийн хувь заяаг ямар олон тархи шийдэж байгаад айж байна” хэмээжээ.
1
Путинд нэг л сонголт байна
1
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нээлттэй санал асуулга өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг эх орондоо айлчлахыг санал болгосон ч өнөөдөр хүртэл ямар ч хариу ирэхгүй л байна. Обама өнөөдөр Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Путинд нэг л сонголт байна. Хоёр орны дунд болоод буй хүйтэн харьцааг зогсоох хэрэгтэй. Та энэ сонголтыг дугуйлсанаар, томоохон амжилтад хүрэх болно. Тиймээс Путин эр хүн шиг нүүр нүүрээ хараад ярилцахыг минь хүлээж авна уу” гэжээ.
1
Крымийн ард түмэнд баяр хүргье
1
“Оросын Крым”, “Украины Крым”. Харин Крымийн ард түмэн “Оросын Крым” гэх статусыг сонгов. Энэ сарын 16-17 шилжих шөнө Европын зарим улс нээлттэй санал асуулгын дүнг тэвчээртэй хүлээв.
“AFP” агентлагийн мэдээлж буйгаар “Германы Канцлер Ангела Маркел нээлттэй санал хураалтын дүн гарсны дараа хамгийн түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн” гэв. Мөн түүнийг “Крымийн Засаг захиргааны бүх хүмүүст баяр хүргэсэн” гэсэн байна. Гэхдээ энэ мэдээллийг Германы Засгийн газар болон ямар ч эх сурвалж өнөөг хүртэл батлаагүй байгаа юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ