Төрийн ордонд дөрвөн өөр өнгө эгшиглэнэ

img

“Морин хуур мину” морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт 3 сарын 21-нд 19.00 цагаас Төрийн ордны их танхимд зохион байгуулагдах юм байна. Удирдаачаар Намсрайжавын Бүтэнбаяр, ерөнхий найруулагчаар Догмидын Сосорбарам, морин хуурчаар Доржнямын Шинэцог-Гени нар оролцох аж. Тоглолтын үеэр морин хуурын хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн Төрийн ордонд дэлгэгдэх гэнэ. Төрийн ордноо тоглогдох тоглолтын талаар Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, Төрийн соёрхолт Д.Сосорбарам тэргүүтнүүд хэвлэлийн бага хурал хийлээ.

5

Хэдэн зуун жилийн тэртээгээс төр түмэндээ хүндлэгдэж, соёлын өвийн илэрхийлэмж болж ирсэн морин хуурыг өнөө цагт ч дээдлэн шүтэж төрийн хөгжим болгож зарлигдсан. Мөн төрийн баримт бичигт ардын урлагийг төрийн ивээлд байлган судалж, сурталчлах, хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх тухай цогц бодлогын үндэс тавигдсан билээ. Төрөөс баримталж байгаа энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд залуу уран бүтээлчдийн зүгээс гар бие оролцож байгаагийн илрэл бол залуу уран бүтээлч Доржнямын Шинэцог-гени анхны бие даасан “Морин хуур мину” морин хуур симфони найрал хөгжимд зориулсан Монголын сонгодог бүтээлүүдийн концерт юм. Монголын сор болсон уран бүтээлчдийн зүгээс морин хуур хөгжимд зориулсан олон гайхамшигтай бүтээлийг гаргасан байдаг ч тэр бүр нэг дор эгшиглэж, үзэгч олонд хүрч байгаагүй. Харин “Морин хуур мину” концерт нь тэдгээр аялгууг нэг дор эгшиглүүлэх юм байна.

5

“Нэг концерт л гэхэд морин хуурчийн бүх авьяас чадлыг шавхдаг бол дөрвөн концертыг нэг өдөр тоглоно гэдэг нэлээн ховорхон үйл явдал болно” хэмээн Б.Шарав гуай онцолж байсан. З.Хангал, Ш.Өлзийбаяр, Г.Бирваа, Б.Шарав гэсэн дөрвөн хөгжмийн зохиолчийн бүтээл энэ өдөр тоглогдох учраас дөрвөн өөр өнгө эгшиглэнэ гэж гэдгийг зохион байгуулагчид тодотгон хэлж байсан. Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан монголын сонгодог бүтээлүүдийн концерт гэдэг утгаараа энэхүү тоглолт нь анхдагч болж байгаа төдийгүй үнэ төлбөргүйгээр тоглогдох аж. Учир нь олон нийтийн хөгжмийн боловсролд зориулагдсан үндэсний өв соёлоо таниулах томоохон зорилгыг агуулж байгаа юм байна.

5

Монгол үндэсний хөгжимд зориулагдсан Монгол хөг аялгуу гэдэг өөрөө сонгодог бүтээлд тооцогдох тул морин хуур хөгжимд зориулагдсан бүтээлүүд цаашид цуврал концерт болон тоглогдож, олон нийтэд урлагаар дамжин соёлын өвийг таньж мэдэх боломжийг олгоно гэж хуралд оролцогчид ярьж байлаа.

5

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-03-18