101 менежер Германд дадлагажсан байна
Герман улсын Холбооны Эдийн засаг, технологийн яам Менежер давтан сургах хөтөлбөрт оролцогч талуудын олон улсын 7 дугаар бага хурлыг зохион байгуулжээ. Бага хуралд оролцогсод, тэр дундаа зохион байгуулагч болох ХЭЗТЯ болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл энэхүү хөтөлбөрийн хүрээнд залуу удирдах түвшний менежерүүдийг давтан сургахад олсон туршлагаас хуваалцах, уг хөтөлбөрийн үр дүнд гарч буй эдийн засгийн үр ажгийн талаар ярилцаж санал солилцов. Уг бага хуралд энэ арга хэмжээг зохион байгуулагчаас гадна Азербайджан, Беларус, Вьетнам, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, ОХУ, Украин, Узбекистан, Хятад, Энэтхэг зэрэг улсуудын Засгийн газрын болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцов. Бага хуралд монголын талыг төлөөлж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэг, Монголын ажил эздийн нэгдсэн холбооны Бизнесийн харилцааны газрын захирал Д.Дамдинжав нар оролцов. Монгол Улс дээрх хөтөлбөрт 2009 оноос хамрагдаж буй бөгөөд эдүүгээ монголын талаас 101 менежер ХБНГУ-д сургалт, дадлагыг амжилттай хийгээд байна. Хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх түнш байгууллага болох Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь 11 дүгээр сарын эхээр менежер давтан сургах үндэсний академи, мөн төгсөгчдийн холбоог байгуулаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ