Н.Тэгшбаяр: Цөмийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсон
“Өглөө босоод бид талх иддэг шиг цөмийн эрчим хүч бидний өдөр тутмын хэрэглээ болж байна. 2003 оноос өнөөдрийг хүртэл цацрагтай ажилладаг дөрөв дахин өсч, 1262 болжээ. Газар дэлхийгээс сансар огторгуй хүртэл цөмийн технологи хэрэглэж байна. Өнөөдөр цөмийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсон” гэж ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг нээж хэлсэн юм.
ах
Дээрх семинарыг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд зориулан Төрийн ордонд зохион явууллаа. Уг семинарт ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр болон Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон атом” ХХК, “Арева монгол кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ах
Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт хэрэглэдэг аж. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн халдварт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт ашигладаг. Харин хүнс хөдөө аж ахуйн салбарт ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавжийг устгах зэрэгт хэрэглэгддэг.
ах
Геологи, уул уурхайн салбарт төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн судалгаа хийх, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянадаг аж. Эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгодог байна. Мөн аж үйлдвэрийн салбарт газрын тос нэрэх, устөрөгч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн процессийг хянах, үл эвдэх сорилын шинжилгээ авах зэргээр, хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалтад рентген цацраг бүхий хяналтын төхөөрөмж, цацрагийн портал мониторыг ашиглаж байна.
ах
Энэ мэтчилэн олон салбарт ашиглагддаг цөмийн технологийг цаашид ч нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байгааг Хавдар судлалын үндэсний төв болон Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл цөмийн технологийн энхийг хэрэглээ нь ухрах боломжгүй, дэлхийн нийтийн хөгжлийг тодорхойлогч нь болоод байгаа аж. Харин үүнийг хөдөлгөгч хүч нь уран. Ийм ч учраас ураны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхийн уран олборлогч орнуудын нөөц багасч байгаа юм байна. Харин нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг манай улс ураныг шар нунтаг хүртэл олборлон экспортлох бодлого баримтлаад байгаа билээ.
өа
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр уран олборлодог 19 орон бий. Монгол Улсын хувьд тогтоогдсон нөөцөөрөө 13 дугаарт ордог байна. Нөөц бололцоогоо ашиглаж, хайгуулын ажлыг эрчимжүүлбэл манай нөөц өсөж, дэлхийд гуравдугаарт бичигдэх боломжтой юм байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсад ураны орд ашиглалтын нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
өа
“Мон-Атом” төрийн өмчит компани Монгол Улсад өмнө нь хийгдсэн ураны эрэл, хайгуулын ажлуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баталгаажуулж, хэтийн төлөв бүхий газруудыг улсын нөөцөд авахуулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэж байгаагаа танилцуулсан юм. Тэдэнтэй хамтран ажиллаж буй “Арева” компани ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Газар доор уусган олборлолтын технологийн талаар танилцуулсан.
өа
Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа үед цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Иймээс ЦЭГ нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид хяналтаа тавьж ажиллаж, олон улсын стандартыг хангуулан ажилладаг байна. Тухайлбал, одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа аж. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт долоо, төрөл бүрийн лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг. Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна.
өа
ЦЭГ тэдгээр бүх цацрагийн үүсгүүрт хяналт тавьж, ОУАЭА-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг байгаа аж. Харин хэрэггүй болсон цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг байна. Мөн хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг 15 боомтод суурилуулан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа аж. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ хийдэг аж.
ах
Мөн орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийдэг байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ