Малайзын онгоцыг Энэтхэгийн далайд осолдсон гэв
Крис Гудфеллоу хэмээх мэргэжлийн шинжээч сураггүй болсон “МН370” онгоцыг алга болсон шалтгааныг тайлбарласан мэдэгдэл хийв. Тэрбээр “Малайзын онгоцонд гал гарч, нисгэгч нь ослыг зогсоох гэж оролдож байгаад чадалгүй эцэстээ Энэтхэгийн далайд сүйрсэн” гэжээ. Крис Гудфеллоу нь олон хөдөлгүүрт онгоцыг 20 гаруй жил жолоодсон мэргэжлийн нисгэгч хүн юм. Тэрбээр өөрийн хөтлөн явуулдаг блогтоо Малайзын онгоцны талаар маш олон таамаглал дэвшүүлж, онгоцны чиглэлийг дүгнээд “терроризм эсвэл барьцаалалт гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй” хэмээн бичжээ.
Крисийн бодлоор онгоц цахилгааны доголдолтой эсвэл дугуй нь хэт халсан үедээ хөөрсөн учраас гал гарсан байх магадлалтай гэнэ. Тиймээс онгоц хөөрсөнөөс нэг цаг гаруйн дараа бүхээгт нь утаа гарч, дохиолол нь эвдэрсэн тул ямар ч ул мөргүй алга болжээ. Ингээд нисгэгч аюулгүй газар газардахын тулд буцаж ниссэн байна. “МН370” онгоцны ахмад, гол буруутан болоод буй Захарие Шахыг “Осолд ямар ч буруугүй, харин ямар ч боломжгүй нөхцөл байдалд амьд үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн баатар” гээд “Захарие Шах 18 мянган цаг агаарт ниссэн туршлагатай нэгэн гэдгээр нь батлагдаж байгаа” хэмээн тэрбээр онцолжээ. Нисгэгчид бүхээгт гарсан галыг унтраасан ч онгоц ямар ч жолоодлогогүй ниссээр Энэтхэгийн далайн баруун хэсэгт хүрч, түлш нь дуусан учир сүйрсэн болохоор Малайзын Засгийн газарт Энэтхэгийн далайд шумбагч онгоцуудаа илгээхийг зөвлөсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ