Н.Алтанхуяг: Нэг иймэрхүү засаг төртэй дампуудуу улс байна даа
“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр Төрийн ордоны Б танхимд боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймаг битүү захтай болсон байна. Ингэснээр бизнес эрхлэгчид болон иргэдэд ая тухтай худалдаа хийх нөхцөл бүрдсэн аж. Баруун гурван аймгийг битүү захтай болгоход 8-9 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд Ерөнхий сайдын багцад байх 50 гаруй тэрбум төгрөгөөс санхүүжүүлжээ. Мөн Өмнөговь аймаг 20 гаруй мянган тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулах төвтэй болсон гэнэ. Тус төв нь банк, даатгал, тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, зорчигч тээврийн үйлчилгээг нэг дор үзүүлснээр иргэдэд учирдаг чирэгдлийг багасгах аж.
:
Түүнчлэн Баян-Өлгийн Ногоон нуур суманд холимог металлын үйлдвэр ашиглалтад орсон байна. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор 700 гаруй хүн шинээр ажлын байртай болж, цайр, хар тугалга баяжуулж жилд хэд, хэдэн төрлийн металлын 300 тн баяжмал гаргана хэмээн Ерөнхий сайд хэллээ.
:
Энэ удаагийн уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг оролцож, хил, гаалийн бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ хил, гааль дээр шинэ тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Монголын хил, гааль дээр гардаг хүнд суртал, чирэгдэлийг багасгаж бүтцээр нь өөрчлөлт хийхийн тулд холбогдох хууль тогтоомжийг шинэчилж байгаа. Манай улсын хилийн 46 боомтын Алтанбулаг, Замын-Үүдээс бусдад нь зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй байна. Мөн хилийн боомтууд хэт олон шат дамжлагатайгаас ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байгаа хэмээн мэргэжилтнүүд үзсэн. Тиймээс ирэх сарын 1-нээс энэ байдал өөрчлөгдөнө. Цаашид хил гаалийн хяналт тавьдаг дөрвөн байгууллагын давхардсан бүртгэлийг шалгалт нэг дамжлагад оруулж, ажилтнууд нь бэлэн мөнгөтэй харьцахаа болих юм. Ингэснээр хил, гаалийн үйлчилгээ бизнес эрхлэгчдэд ээлтэй болно. Өмнө нь замын цагдаа нар жолоочийг зогсоогоод бэлэн мөнгөөр торгодог байсан бол одоо тусгай багажаар бичиг баримтыг нь нягтлаад торгуулийн хуудас бичиж өгдөг болсон. Ингэснээр жолооч нар торгуулийн төлбөрөө банкинд өөрсдийн биеэр аваачиж өгдөг болсон билээ. Яг энэ жишээ шиг хил, гаалийн асуудлыг шийдэх юм. Цаашид гааль дээр хүмүүс олон цагаар саатаж, маш их хэмжээний бичиг баримт цуглуулж гаалийн мэргэжилтнүүдэд хахууль өгөх шаардлагагүй болно гэж Ч.Сайханбилэг сайд онцоллоо.
:
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
:
-Аймаг сум орон нутгаас өмнөх оны төсвийн гүйцэтгэл нь Засгийн газар дээр эргэж ирдэг үү. Жишээ нь, Дорнод аймагт гэхэд 1992 онд үйлдвэрлэсэн Ниссан Викап гэдэг машиныг 24 сая 600 мянган төгрөгөөр худалдаж аваад одоо нэг дарга нь унаад явж байна. Гэтэл уг машины зах зээлийн ханш нь 6-12 сая төгрөг. Соната 6 гэдэг 2005 онд үйлдвэрлэгдсэн машины зах зээлийн үнэ 8-12 сая төгрөг байхад 15 сая төгрөгөөр авсан гэсэн баримт байх жишээтэй. Иймэрхүү зүйлүүдэд Засгийн газар хяналт тавьдаг уу. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр авсан зүйлс шүү дээ. Ахиад тодруулаад үзэхэд Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хэмээн 2013 онд та бүхний хувиарласан мөнгөний тал нь буюу 113 сая төгрөгөөр Дорнод аймаг машин авсан байгаа юм. Одоо 2014 онд Ланд 100 унадаг Засаг даргад Ланд 200 авч өгнө гээд 160 сая төгрөг төсөвлөөд тавьчихсан байна. Иргэдийн хурлын даргадаа 120 сая төгрөгөөр Ланд 200 авна гээд төсөвлөчихсөн байна. Энэ машин авахаар төсөвлөсөн мөнгө нь Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс буюу 435 сая төгрөгөөр зөвхөн машин авчихсан байна. Энийг бид сурвалжлаад удахгүй нэвтрүүлэг болгохоор бэлдэж байна.
-Та нар сайн мэдээлэл хийх гэж байгаа юм байна. Хэвлэлийнхэн ийм мэдээлэл сайн гаргах хэрэгтэй. Ноднин орон нутгийг хөгжүүлэх санд аймгуудад 240 орчим сая төгрөг өгсөн. Орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн иргэдээрээ хэлэлцсэн асуудлыг хэрэгжүүлээрэй гэж хэлсэн. Гэтэл орон нутгийн удирдлагууд машин аваад уначихсан гэж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар долоон хоног бүр та бүхэнтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлыг ил тавьж байгаа нь цаанаа нуугдаад үлддэг хөрөнгө мөнгөний зарцуулалт, хээл хахуулийн асуудал зэргийг ил гаргая гэж байгаа юм. Өнгөрсөн 1 жил 7 сарын хугацаанд улсын төсвийн мөнгө үрэн таран болсныг өдөр бүр сонсож, цаг минут тутамд хэвлэлийнхэн олж гаргаж байна. Одоо УИХ-ын чуулган эхлэхээр царцаасан 243 обьектийн асуудал яригдана. Энэ обьектууд 700 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Аудитын газрын дүгнэлтээс харахад улсын комисст хүлээлгээд өгчихсөн есөн байшинд нэмж, 1.7 тэрбум төгрөг оруулсан байна. Ер нь тогтолцоогоор нь зөв болгохгүй бол илрэл бүхний хойноос хөөцөлдөх хэцүү. Та бүхэн нэвтрүүлгээ бэлдээд сайн гаргаарай. Тэр чинь гараад нотлогдсоны дараа буруу зөрүүтэй хүмүүстэй нь хариуцлага тооцоод явна.
.
-Дахиад нэг асуулт. Дорнод аймагт УИХ-ын дарга ажиллахад зөвхөн нэг орйн хүлээн авалтын зардал 6 сая 560 мянган төгрөг зарцуулсан байна. Таныг өөрийг чинь очиход ч 4 сая 625 мянган төгрөг зарцуулсан байна. Энэ зардал хаанаас гардаг вэ?
-Бид нар тэр их зардлыг гаргаагүй. Яамдуудад төвлөрсөн арга хэмжээний зардал гэж гаргадаг. Түүн шиг аймгуудад зочин төлөөлөгч ирэхэд гаргадаг зардал нь байх. Ер нь дараа нь анхаарч үзэх ёстой юм байна.
.
-Царцаасан барилгуудыг санхүүжүүлэх төсөв мөнгө байгаа юм болов уу. Мөнгө байхгүй гэдэг асуудал яригдаж байна?
-Нэг буруу ойлголт яваад байна. Мөнгөгүй болоод төсвөө тодотгож чадахгүй байна гэдэг нь худлаа. Төсвийн тодотгол хийх шаардлага гарвал тодотгоё гэсэн. Царцаасан 243 обьектийн хувьд 2014 оны төсөв дээр орж ирэхдээ 700 гаруй тэрбумаар босно гэж орж ирсэн. Тэрнийг зогсоогоод хяналт шалгалт хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ дотроос цаашаа үргэлжлүүлэх шаардлагатайг нь үргэлжлүүлнэ. Мөнгө нь Сангийн сайд дээр 130 гаруй тэрбум төгрөг гээд бичээстэй байгаа. Тэр 130 тэрбумдаа багтчих юм бол төсвийн тодотгол хийж, УИХ-д оруулахгүйгээр ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг л хэлсэн.
.
-Үнэн тотворжуулах хөтөлбөрийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт эдийн засагчдын чуулган болсон. Эдийн засагчид импортыг багасгая гэсэн боловч импорт нэмэгдэж, инфляци өссөн арга хэмжээ болчихлоо. Энэ хөтөлбөрийг дараагийн жилүүдэд хэрэгжүүлэхдээ анхаарч үзэх шаардлагатай байна. Засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь эдийн засагт дарамт учруулж байна гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар судлаачдын үгийг сонсож байна. Ард иргэдээ сонсож байна. Авах юмаа авч, засах юмаа засаад явж байна. Өнгөрсөн жилийн үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөн. Энэ жил үнэ тогтворжуулах гэдгээсээ илүү эдийн засгийг дэмжиж, импортоо бууруулж, экспортоо дэмжихэд онцгой анхаарна.
.
-Говьсүмбэр аймгийн Засаг даргын хууль бус томилгооны асудлаар таныг шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудалд хариулт өгөөч?
-Шүүхэд ханддаг, цэцэд өгдөг асуудал чинь өдөр бүр л болдог ш дээ. Намайг 1.7 жил ажиллахад зөндөө л ирсэн. Гоьсүмбэр аймгийн асуудлаар надад одоогоор мэдээлэл ирээгүй байна. Дундговь аймагт бас ийм асуудал үүссэн байх юм. Би энэ улсад хичнээн завхарсан үйл явдал болж байгааг ганц жишээгээр хэлье. Дундговь аймагт 2013 оны 11 сарын 25 ны өдөр аймгийн ИТХ хуралдаад бид Засаг даргаа огцруулчихлаа. Энэ нөхрийн огцорсныг батламжилж өг гэсэн. Хуулиараа Засаг дарга огцордог асуудлыг Ерөнхий сайд батламжилдаг юм. Батламж бичээд явуултал хэд хоногийн дараа нөгөө нөхрийг чинь буцаагаад Засаг даргаар тавьчихсан шүү гэсэн мэдээлэл ирлээ. Хэн тавьчихав гэтэл шүүх тэгсэн гэнэ. Яагаад тэгэв гэтэл тус аймгийн ИТХ над руу явуулсан бичигнийхээ хойноос дахин хуралдаад “... аймгийн ИТХ-ын шийдвэрээр Засаг дарга н.Сүхбаатарыг огцруулсан шийдвэрийг хүчингүйд тооцов” гэсэн байгаа юм. Тэд хүчингүй тооцсон шийдвэрээ харин надад өгөөгүй. Тэгснээ л Ерөнхий сайд Засаг даргыг огцруулсан нь буруу гээд надтай шүүхдэлцээд явна. Уг нь энэ хурлынхаа үнэн зөвийг мэдэгдэх ёстой биз дээ. Нэг иймэрхүү засаг төртэй дампуудуу улс байна даа. Ер нь иймэрхүү л юм болдог юм ш дээ.
.
-Монгол улсын Засгийн газар эрдэм шинжилгээний ажилтнуудаа хэр дэмждэг юм бэ. Нэг хэсэг пестицидтэй холбоотой асуудал нилээн яригдсан. ЭМШУИС-ын багш нар өөрсдийнхөө байр суурин дээр байгаа. Засгийн газраас бидний ажлыг үгүйсгэх гээд байна. Судалгааны ажил үнэ зөв гэсэн тайлбар хэлж байна?
-Тэр хүмүүс чинь өөрсдөө л хэвлэлийн бага хурал хийж, хүнсний ногоо болохгүй байна гэж хурал хийчихээд дахиад маргааш нь болохгүй гэж хэлсэн маань буруу гэсэн. Би тогтоохгүй шүү дээ. Өөрсдөө судлаач хүмүүс.
.
-Өнгөрсөн долоо хоногт Роснефтийн удирдлагууд манай улсад ирж уулзаад явсан. Сүүлд гарсан мэдээллээс харахад ОХУ хилээр гаргах шатахууныхаа үнийг нэмсэн гэж байна. Шатахууны үнэ цаашид яах вэ?
-Роснефтийн удирдлага ирж уулзсан. Юу гэж хэлсэн гэхээр бид Монголд тогтвортойгоор, урт хугацаанд бензин, дизель түлш нийлүүлнэ гэж хэлсэн. Бид зөв зүйтэй санал байна гэж хүлээн авсан. Түүнээс биш үнэ нэмэх асуудлаар яриагүй. Харин ч өнгөрсөн 1.7 жилд бензин шатахууны үнэ харьцангуй тогтвортой байлаа. Энэ бол зөвхөн нэг улсаас хараат биш олон эх үүсвэрээс шатахуун авч, шатахууны түүхий эдээ гаргаад “Монгол 93” шатахуун оруулж ирсэний үр дүн.
.
-Тусгай зөвшөөрлүүдийн тоог бууруулаад тэмдэгтийн хураамжийн үнийг нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар хариулт өгнө үү?
Ч.Сайханбилэг: -Тусгай зөвшөөрөл лицензтэй холбоотой гол бодлого бол баялаг бүтээж байгаа бизнес эрхэлэгчдэд хүнд сурталгүй нөхцлийг бий болгох юм. Тооны араас хөөцөлдөхгүй. Гол нь давхардахгүй, бизнест ээлтэй, тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу, төлбөр хураамж нь хөнгөн, зөвшөөрөл нь шуурхай олгогддог ийм л тогтолцооны төлөө явж байгаа шинэчлэл юм. Энэ ажлаа хийж дууссаны дараа ү Тусгай зөвшөөрлийн тухай хуулиа тусд нь батлаж гаргана. Бусад бүх хууль дээр байгаа хэн нэгэн эрх мэдэлтний үзэгний үзүүрээр тусгай зөвшөөрөл олгох, эрз зүйн баримт бичиг үйлдэвэрлэдэг асуудлыг хуулиар хориглоно. Хараат бус байгууллага байгуулж, тэдний зөвлөмжөөр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байж нэмэлт тусгай зүөвшөөрөл олгодог болно. Тусгай зөвшөөрөл лицензүүд цөм онлайнаар ил тод байна. Энэ тусгай зөвшөөрлийг авахын тулд ямар шат дарааллаар хичнээн төгрөгийн төлбөр хураамж төлөх вэ гэдэг нь ч ил тод байна. Тусгай зөвшөөрөл, лиценз бүхэн өөрийн хувийн хэрэг, тусгай кодтой байх юм. Энэ бол бусад улс орнуудын туршлага. Энэ туршлагыг монголдоо нутагшуулах гэж байна. Ингэснээр давхардсан зөвшөөрлүүд алга болно. Илүү мөнгө нэхдэг үйлдэл арилна. Нэг цонхны үйлчилгээ, хүнд сурталгүй болж монгол бизнес эрхлэхэд таатай орон гэдэг үзүүлэлтэд ойртох юм. Тэмдэгтийн хураамж өсөх асуудал байхгүй. Тусгай зөвшөөрөл лиценз цэгцэрэхээр яаманд, дүүрэгт, орон нутагт зэргээр төлбөр хураамж давхардаж өгдөг асуудал арилна. Эсвэл нэг байгууллагад өгсөн бичгээ нөгөө байгууллагад өгөхөд дахиад материал бүрдүүлэх зэрэг чирэгдэл гардаг нь арилах юм.
.
-Орон нутгийн төсвийг буруу гараар оруулсан бол хариуцлага тооцно гэж байна. Тухайлбал, Ховд аймийн Засаг дарга орон нутгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийг сонгуульдаа ашигласан гэсэн дүгнэлтийг Аудитын газар гаргасан байдаг. Хариуцлага тооцсон юм уу гэхээр өмнөх дарга ажлаа өгсөн учраас хариуцлага тооцох боломжгүй болчихоод байна гэсэн хариулт өгсөн. Энэ мэт өмнөх дарга нарын хариуцлагын асуудлыг яах вэ?
-Хууль зөрчсөн үйлдэл гарвал хуулинхаа дагуу хариуцлага тооцно. Тухайн ажлыг хийж байна уу, эс хийж байна уу гэдэг хамаарахгүй.
.
-Ээлжит бус чуулагн болох эсэх нь Засгийн газрын ажилтай холбоотой. Яагаад гэвэл авилгажсан төсвийн эцсийн дүнг Засгийн газар бэлэн болгочихвол Ээлжит бус чуулган хуралдана гэсэн мэдээлэл байна?
-Намын бүлгүүд ээлжит бус чуулганыг хийх шаардлагагүй хугацаандаа хийе гэсэн юм байна лээ. Засгийн газраас шалтгаалах юм байхгүй. Авилгажсан төслийн асуудлыг Засгийн газар шийдэхгүй. УИХ-ын дэргэдэх Аудитын газар дүгнэлтээ гаргах юм.
.
-ОХУ, Украйны асуудлаар УИХ, ЗГ-ын гишүүн Х.Баттулга өөрийн байр сууриа оросын хэвлэлд илэрхийлсэн. Мөн ОХУ, Украйны асуудлаас үүдэн Монгол улсад геополитикийн ач холбогдол бүхий шийдвэр буюу манай газар нутгаар хийн хоолой байгуулах асуудал яригдаж магадгүй талаар эдийн засагчид хэлж байна. Үүнтэй холбоотойгоор Роснефтийн удирдлагууд ирж уулзлаа гэсэн мэдээлэл гарч бөайна. Энэ тал дээр Засгийн газрын байр суурь ямар байна вэ?
-Засгийн газар ч юм уу монгол улсын байр суурийг илэрхийлээгүй. Хэн байр сууриа илэрхийлэх вэ гэдэг нь тодорхой хүмүүсээр дамжин хийгдэх ажил. Нэг сайдын хэлсэн үг Монгол Улсын байр суурь биш. Тэр бол тухайн хүний санал, бодол байх. Ер нь ямар асуудлаар байр суурь илэрхийлэх, илэрхийлэхгүй юу, хэзээ түүнийгээ илэрхийлэх вэ гэдэг өөр асуудал. Шаардлагагүй юман дээр заавал байр суурь илэрхийлэх гээд байх шаардлага ч байхгүй. Шаардлагатай бол байр сууриа илэрхийлнэ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ